Шууд Chart

Ким Жон Намын амь насанд халдсан хэргийн сэжигтэн эмэгтэй суллагдлаа

2019-03-11 17:06:05

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амь насанд халдсан хэргийн сэжигтэн индонез эмэгтэй суллагдлаа. Ням гарагт болсон шүүхийн сонсгол хурлын үеэр прокурор түүнд тулгасан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож, суллах хүсэлт гаргасан байна. Шүүх хүсэлтийг зөвшөөрч, сэжигтэн суллагджээ.

Прокурорын газраас ийм хүсэлт гаргасан шалтгаанаа тайлбарлаагүй байна. Гэхдээ энэ нь Ким Жон Намын аллагад холбогдсон сэжигтэн бүр мөсөн цагаадаж, огт буруугүй боллоо гэсэн үг биш гэж хэвлэлүүд тайлбарлаж байна. Шүүх хуралд оролцсон ВВС-ийн сурвалжилагч энэ талаар “Суллагдсан эмэгтэйн эсрэг хангалттай нотлох баримт байхгүй байгаа нь илт байна” гэж мэдээлжээ. Тиймээс дахин энэ хэргээр баривчлагдах магадлалтай гэж өөр нэг хэвлэлд бичжээ.

Индонезийн иргэн Сити Айсия хэмээх энэ эмэгтэй ял хүлээсэн бол Малайзын хуулиар цаазын ял авах байсныг хэвлэлүүд сануулж байна. Тэрбээр 2017 онд Малайзын нийслэл Куала-Лампурын нисэх буудалд Ким Жон Намыг “Ви Икс” гэдэг хүчтэй синтетик хороор хордуулсан хэмээн буруутгагдсан.

Гэвч Индонезийн иргэн Сити Айсия, мөн түүнтэй хамтарч Ким Жон Уны ахыг хөнөөсөн гэгдэж буй вьетнам эмэгтэй Доан Ди Хуон нар өөрсдөд тулгасан хэргийг няцааж, “Телевизийн нэвтрүүлэгт оролцож байгаа гэж бодсон” хэмээн мэдүүлж байсан.

Тэднээс гадна энэ хэрэгт холбогдон баривчлагдсан хоёр эмэгтэйд хор өгч халдлагыг зохион байгуулсан гэж Умард Солонгос гаралтай дөрвөн эмэгтэйг албаныхан буруутгаж буй. Тэд халдлага болсны дараахан Малайзаас зугтан гарсан гэх мэдээлэл байдаг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Намын амь насанд халдсан хэргийн сэжигтэн эмэгтэй суллагдлаа  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй