Шууд Chart

Линдси Грэм: Голаны өндөрлөгийг Израйлын газар нутгаар хүлээн зөвшөөрүүлнэ

2019-03-12 16:46:17

Голаны өндөрлөгийг Израйлын газар нутгаар хүлээн зөвшөөрүүлнэ хэмээн АНУ-ын Сенатын гишүүн мэдэгдлээ. Бүгд найрамдах намаас сонгогдсон Сенатын гишүүн Линдси Грэм “Трампын засаг захиргаагаар маргаантай энэ газрыг албан ёсоор Израйлын нутаг дэвсгэр гэж зөвшөөрүүлнэ” хэмээн улс төрийн сэдвээр нийтэлдэг Америкийн “Хилл” сонинд ярьжээ. Энэ талаар мөн Оросын "Спутник" агентлаг уламжилж байна.

Сенатын гишүүн Израйлын Ерөнхий сайд Бенжиамин Нетаньяху, Израйл дахь Америкийн тусгай төлөөлөгч Дэвид Фридман нартай хамт Голаны өндөрлөгөөр явж айлчилсныхаа дараа ийм зүйл хэвлэлд ярьжээ. Үүнээс өмнө буюу өнгөрөгч хоёрдугаар сард Сенатын хоёр гишүүн, Төлөөлөгчдийн танхимын нэг гишүүн Голаны өндөрлөгийг Израйлын мэдэлд байлгах талаар тусгаж баталгаа гаргах тогтоол боловсруулсан байна.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Сирийн талаас НҮБ-ын Ойрхи Дорнодод энхийг сахиулах агентлагт хандан “Голаны өндөрлөгийг орхихгүй бол Дамаск Израйлд халдана” гэж мэдэгдсэн тухай эх сурвалж мэдээлжээ.

1967 онд Арабын улсууд Израйлын хооронд болсон зургаан өдрийн байлдаанаар Сирийн газар нутагт хамаардаг байсан Голаны өндөрлөгийг Израйл булаан эзэлсэн түүхтэй. Гэвч Америк, НҮБ-ын аль, аль нь Израйлын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрчээ.

Израйлын хувьд энэ маргаантай газар нутгийн талаарх тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хатуу байр суурь ирэх дөрөвдүгээр сард болох парламентийн сонгуульд дэвшүүлж байгаа гол амлалтуудын нэг болж байна. Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдоод байгаа Нетаньяху, Америкийн талын дэмжлэгийг сонгуулийн компанит ажилдаа ашиглаж ирснийг Оросын хэвлэлд бичсэн байна.

“Трампын карт” гэж нэрлээд байгаа энэ дэмжлэгээс гадна Ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг АНУ-ын нөлөө бүхий улстөрчидтэй авахуулсан гэрэл зургаа Израйлын Ерөнхий сайд сурталчилгааны хуудсандаа ашиглаж байгаа талаар Америкийн хэвлэлд бичжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Линдси Грэм: Голаны өндөрлөгийг Израйлын газар нутгаар хүлээн зөвшөөрүүлнэ  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй