Шууд Chart

Ким Ё Жон Ардын дээд хурлын 14 дүгээр хуралдааны депутатаар сонгогдлоо

2019-03-12 17:10:51

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү охин Ким Ё Жон энэ сарын 10-нд болсон парламентын сонгуулиар Ардын дээд хурлын 14 дүгээр хуралдааны депутатаар сонгогдлоо. Санал хураалтын эцсийн дүн мэдээг Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлаг өнөөдөр танилцуулсан байна.

Ардын дээд хурлын депутатын сонгуульд бүртгэлтэй сонгогчдын 99.99 хувь нь саналаа өгсөн тухай тус агентлаг мэдээллээ. Ингэхдээ сонгогчид тухайн сонгуулийн тойрогтоо бүртгэлтэй, санал болгосон нэр дэвшигчдийг 100 хувь сонгож байгаагаа илэрхийлсэн байна. Умард Солонгосын Сонгуулийн төв комисс тойргийн сонгуулийн комиссуудаас гаргасан санал хураалтын үр дүнгийн мэдээллийг авч хэлэлцээд Ардын дээд хурлын 14 дүгээр чуулганы 687 депутатын нэрийг мягмар гарагт зарлажээ.

Энэ сонгуулиар Ардын дээд хурлын депутат болсон Ким Жон Уны төрсөн дүү, Умард Солонгосын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Ким Ё Жон нь өдгөө Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргаар ажилладаг. Энэ улсын хуульд заасны дагуу тэрбээр төрийн албаа хашихын хажуугаар депутатын үүргээ давхар гүйцэтгэх боломжтой.

БНАСАУ-ын Ардын дээд хурлын депутатууд таван жилд тутамд нууц санал хураалтаар сонгогддог бөгөөд жилд нэг удаа Пехньянд цугларч, улс орны төсөв, хэд хэдэн чухал хуулийн төслийг нэг өдрийн дотор хэлэлцдэг байна.

Өнгөрсөн удаагийн сонгууль 2014 оны гуравдугаар сард болж байсан. Харин энэ удаагийн сонгууль Ким Жон Ун төрийн тэргүүнээр ажиллаж эхэлснээс хойших хоёр дахь сонгууль болж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Ё Жон Ардын дээд хурлын 14 дүгээр хуралдааны депутатаар сонгогдлоо  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй