
Британийн парламентийн өгсөн үүргийн дагуу Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "Брексит"-ийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар Европын холбоотой тохиролцоо хийж баталгаа гаргуулаад байсан юм. Энэ гэрээг дэмжих эсэхээр өчигдөр парламентийн санал хураалт боллоо. Гишүүд 391/242 харьцаатайгаар гэрээг зөвшөөрсөнгүй.
Үүнээс үүдэн Британийн Засгийн газраас өнөөдөр Европын холбоог гэрээгүйгээр орхин гарах тухай төлөвлөгөөг Төлөөлөгчдийн танхимд оруулж санал хураах юм байна. Үүнийг ч мөн гишүүд эсэргүүцэж унагах магадлалтай байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Ингэсэн тохиолдолд парламентийн гишүүд энэ пүрэв гарагт Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл заалтаар санал хураалт явуулах юм байна. Гэрээний энэ заалтаар Нэгдсэн вант улс Европын холбооноос гарах хугацааг сунгана. Үгүй бол бүр энэ үйл явцыг зогсооно.
Өчигдөр гарагт болсон санал хураалтын дараа Британийн сөрөг хүчний Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин Тереза Мэйг цаг алдаж байна хэмээн буруутгасан байна. Мөн намаас нь дэвшүүлж байгаа төлөвлөгөөг урагшлуулж, гишүүдийн дэмжлэгийг авах болно гэж мэдэгджээ. Түүгээр ч барахгүй дахин парламнетийн сонгууль явуулах хэрэгтэй гэжээ.
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрөгч нэгдүгээр сард Европын холбоотой тохиролцсон гэрээгээ парламентаар хэлэлцүүлсэн ч Умард Ирланд муж улс, Бүгд найрамдах Ирланд улсын хоорондох хилийн асуудал зэргээс болж парламент гэрээг дэмжээгүй.
Үүнээс хойш удаа дараагийн уулзалт яриа хэлэлцээний дараа Тереза Мэй дахин Европын холбоотой тохиролцоо хийж өмнөх гэрээндээ өөрчлөлт оруулахаар баталгаа гаргуулаад байсан юм.
Британийн парламент Тереза Мэйгийн гэрээг дахин унагалаа | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.