
АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны дарга Жозеф Данфорд “Пентагон Сирид мянган цэргээ үлдээх төлөвтэй байна” гэсэн “Уолл Стрит Журнал” сонины мэдээллийг бодит байдалтай нийцэхгүй байна гэж үгүйсгэлээ.
Тэрбээр “Өнөөдөр Америкийн томоохон сонинуудын нэгэнд АНУ-ын цэргийнхэн Сири улсад мянга орчим цэргийн алба хаагчаа үлдээх төлөвлөгөө боловсруулж байна гэж мэдэгдлээ. Энэ нь худал мэдээлэл юм. Хоёрдугаар сард зарласан төлөвлөгөөнд ямар ч өөрчлөлт ороогүй. Бид Сириэс дайчдаа гаргах тухай Ерөнхийлөгчийнхөө зааврыг биелүүлсээр байгаа” гэж Пентагоны хэвлэлийн хурлаар мэдэгдсэн байна.
Жозеф Данфорд түүнчлэн АНУ, Турк улс, Сири-Туркийн хил дээрх аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа тухай мэдээлжээ.
Өнгөрөгч ням гарагт “Уолл Стрит Журнал” сонинд АНУ-ын Батлан хамгаалах яам Сирид 1000 орчим цэргээ үлдээж, энхийг сахиулах цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөө боловсруулж байна гэх мэдээлэл гарсан байна. Тус сонинд мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Турк улс, Европ дахь холбоотнууд, Америкийн талыг дэмжигч курдуудтай удаан хугацааны турш үргэлжилж буй хэлэлцээнээс болж ийм алхам хийж магадгүй болоод байгаа гэжээ.
Сири улсад одоогийн байдлаар АНУ-ын 2.2-2.5 мянган цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч 12 дугаар сарын 19-нд цэрэг дайчдаа 60-100 хоногийн хугацаанд Сириэс гаргана гэж мэдэгдсэн юм.
Жозеф Данфорд: Бид Сириэс дайчдаа гаргах тухай Ерөнхийлөгчийнхөө зааврыг биелүүлсээр байгаа | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.