Шууд Chart

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдэл хийлээ

2019-03-18 15:46:39

Серби улсад өнгөрөгч бямба гарагт эсэргүүцэгчдийн арга хэмжээнд оролцогчид төрийн телевиз рүү халдан орсонтой холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Серби улс өчигдрөөс илүүтэй өнөөдөр л парламентийн сонгуульд ойртоод байна” гэж Белградад болсон хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлсэн байна. Эсэргүүцлийн “Таван саяас нэг” хөдөлгөөнд оролцогчдын зарим нь төрийн телевиз руу бензин авч орох гэсэн оролдлоготой холбогдуулан Вучич тэмдэглэхдээ “Иргэд эсэргүүцэх, санал өгөх эрхтэй. Гэхдээ Серби улсад хүчирхийлэл хэрэглэж болохгүй. Тиймээс өчигдрийн хүчирхийлэлд оролцсон бүх оролцогч үнэн мөний нүүр царайтай тулгарах болно” гэж мэдэгджээ.

Александр Вучич Ерөнхийлөгчийн ордны өмнө цугларсан жагсагчдын хашхиралдаан, шуугианы дор хэвлэлийн бага хурлаа хийсэн юм. Сербийн төрийн тэргүүний хэлснээр гудамжинд 1023 хүн цугларсан байна гэжээ. Энэ нь ажиглалтын камераас олж авсан мэдээлэл гэнэ.

“Сөрөг хүчнийхэн ийм л тооны санал авах нь байна шүү дээ” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. Түүнчлэн Александр Вучичийн “Сербийн төлөөх холбоо” сөрөг хүчний удирдагчдыг “фашистууд”, “олигархууд” хэмээн нэрлэсэн байна.

“Таван саяас нэг” хөдөлгөөнийхөн өнгөрөгч амралтын өдөр эсэргүүцлийн жагсаал өрнүүлэх үеэр сөрөг хүчний удирдагчдын нэг Бошко Обрадович жагсагчидтай хамт Белградын төвд орших Сербийн радио телевизийн байр руу дайран орж, эфирээр гарах шаардлага тавьжээ. Энэ үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдыг байрнаас хөөж гаргасан юм.

Мөн энэ үеэр сөрөг хүчний жагсагчид Ерөнхийлөгчийн ордныг бүсэлж, Сербийн төрийн тэргүүн Александр Вучич тэндээс гарч ирж чадсан байна. Серби улсад өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Ерөнхийлөгч Александр Вучичийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн долоо хоног бүр өрнөж байгаа гэж “Балкан Инсайт”-д мэдээлж байна.

Эсэргүүцлийн энэ хөдөлгөөн өрнөх болсон нь тус улсын өмнө хэсэгт орших Крушевац хотод сөрөг хүчний улстөрч Борко Стефановичийн биед халдсантай холбоотой юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдэл хийлээ  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй