Шууд Chart

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

2019-03-20 09:17:10

УИХ-ын 2018 оны намрын ээлжит бус чуулганы Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 14 цаг 52 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор зургаан төслийг хэрэгжүүлэхээр тогтсон гэв. Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт заасан гэрээг байгуулах хүчинтэй хугацааг нэг жилээр сунгах шаардлагатай байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, З.Нарантуяа нар асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Иймд Төсвийн байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Уг асуудлын хүрээнд АХБ-аас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Энгийн эх үүсвэрээс 252.0 сая ам.долларын, АХБ-ны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 зээлийн санхүүжилтийг олгохоор төсөлд тусгагдсан гэв.

Мөн Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хөдөө аж ахуй, хүнс, ногоо тариалах, усалгаатай тариалалтыг дэмжих зэрэг таван чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь авах, зээлийн хэлэлцээрүүдийг хугацаа алдалгүй АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа тул төслүүдийн зээлийн асуудлыг Улсын Их Хурал, Байнгын хороодтой нэгтгэсэн байдлаар зөвшилцөж, соёрхон батлуулах зорилгоор Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг боловсруулсан гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, З.Нарантуяа, Н.Амарзаяа нарын зүгээс Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг хаана, ямар эх үүсвэрийг бодлогоор дэмжих гэж байгааг илүүтэй тодруулсан юм. Түүнчлэн гишүүдийн зүгээс бүс нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзах, баруун бүсэд усалгаатай газар тариалан эрхэлж байсан туршлагыг харгалзан үзэж, усжуулалтай газар тариалан, ногооны аж ахуйг шинээр барихаас илүүтэй өнгөрсөн нийгмийн үед эрхэлж байсан үйл ажиллагаанд тулгуурлаж сэргээн хөгжүүлэх бодлого барьж ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцсөний дараа аймаг, сумдад хэрэгжүүлэх асуудлыг тодорхой ярина гэдгийг хариултдаа онцолсон. Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүнээр 2000 онд элсэж, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. Өнгөрсөн хугацаан тус банкнаас Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг нийт 99 төслийг хэрэгжүүлэхэд олгосон байна. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах стратегийг баталсан. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй, түргэн шуурхай батлуулах боломж бүрдсэн гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

Зээлийн хэмжээ нь 300 сая ам.доллар, эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн зээлийг зарцуулах төслийн талаар тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замыг дөрвөн урсгалтай болох төсөлд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн 120 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулахаар болсныг онцлохын зэрэгцээ бусад төсөл арга хэмжээг тусгайлан ярилцаж шийднэ гэж байлаа. Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.


Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй