
Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Сангийн яам болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хийсний дараа Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 65 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь буюу Монгол Улсын татварын 29 төрлийг нарийвчлан заасан хэсэг, түүнчлэн 8 дугаар зүйл буюу татварын хувь, хэмжээг тодорхой тогтоосон хэсэг, татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмжийг агуулсан 80 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Мөн төслийн 18 дугаар зүйлд 18.5 дахь хэсэг буюу “Энэ хуулийн 18.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, төслийн 66 дугаар зүйлд “Авлага битүүмжилсэн хугацаанд өртэй татвар төлөгч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болохыг хориглоно” гэж, төслийн 70 дугаар зүйлд “70.3.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан бол эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 65 дугаар зүйлд зааснаас бусад тухайн татвар төлөгчийн битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхгүй” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Харин Ажлын хэсгээс төслийн 81 дүгээр зүйлд “Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд өмнө нь гарч байгаагүй нууцлагдмал татварын схем ашиглаж татвараас зайлсхийсэн, зугтсан гэмт хэрэг, зөрчил илрүүлснийг татвар төлөгч хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаан таслах зөвлөл, шүүхийн эцсийн шийдвэр гарч төсөвт орлого оруулсан татварын алба, татварын улсын байцаагчид санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр мөнгөн урамшуулал олгож болно” гэсэн хэсэг нэмэх саналыг татаж авав. Гишүүдийн зүгээс урамшуулал олгох санхүүгийн эх үүсвэр тодорхой бус гэж байлаа.
Түүнчлэн төслийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн “2019 оны 01 дүгээр сары 01 гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж төслийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг “татвар төлөгчийн эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач зээ, хамтран амьдрагч эхнэр нөхөр болон, хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү” гэж өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх тус тус дэмжив.
Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг есөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйл “2019 оны … дугаар сарын …. ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэсний 5 дугаар зүйлийг хасч, өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төсөлд “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж шинээр 11 дүгээр зүйл нэмэх Ажлын хэсгийн санал дэмжигдэв.
Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан 11.19 дүгээр зүйлд “8.3 энэ хуулийг 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.