
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:
- Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулахтай холбогдуулан талуудын нөхөн төлбөр авах, хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн баталгаа гаргах, Япон Улсын Засгийн газрын зээлийн эргэн төлөлт, концессын төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг Ажлын хэсэгт чиглэл болгов.
- Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр нь Худалдан авах ажиллагааны цахим системд оруулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Худалдан авах ажиллагааг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой тайланг цахим системд бүрэн оруулж байх зэргийг үүрэг болгов.
- Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд нэг байхаар тогтоов. Ажиллуулаагүй тохиолдолд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байхаар болов.
- Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Хэлэлцээрийн хүрээнд малын гоц халдварт өвчний эсрэг дархлаажуулалт зэрэг чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн, судлаач, дэвшилтэт технологи, судалгааны материалаа харилцан солилцох юм.
- Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, төлөвлөлт, салбарын удирдлага, менежментийн тогтолцоог оновчтой, боловсронгуй болгож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.
- ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуучин Э.Анхбаяр болон БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээрээ хоёрдугаар байр эзэлсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор болов.
Засгийн газрын ээлжит хуралдаан болов | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.