
Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон 2018 оны наймдугаар сард Азийн зуны спортын XVIII наадмаас алтан медаль хүртсэнийхээ дараа допингийн шинжилгээнд хамрагдаж эерэг гэсэн хариу сонссон. Улмаар тамирчны өөрийнх нь хүсэлтээр Б сорьцын шинжилгээ өгөхөд эхний хариу батлагдсан. Шинжилгээний хариугаар гавьяат тамирчнаас stanozolol гэх бодис илэрсэн юм. Шинжилгээний хариу А,Б сорьцоор баталгаажсан учир мэргэжлийн байгууллагууд журмын дагуу П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Дэлхийд данстай эрэмгий тамирчны хувьд ч, Монголын ард түмний хувьд ч энэ бол хар мэдээ, харуусмаар явдал болоод байгаа юм.
Учир нь П.Орхон “Токио-2020” олимпийн тэнгэрт Монголын төрийн далбааг хамгийн түрүүн мандуулах шанстай тамирчин гэдгээ сүүлийн хоёр жилийн амжилт, хөдөлмөрөөрөө тамгалаад байсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр П.Орхон олон улсын арбитрын шүүхэд хандах эрх үлдсэн бөгөөд боломжит хугацаа нь 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болжээ.
Тиймээс бид энэ удаад Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяртай холбогдлоо. Тэрбээр “Бид нар өнөөдрийн байдлаар давж заалдах боломжийн талаар судалж байна. Бид ч гэсэн өнөөдөр яг л хэвлэлийнхэн та нар шиг яах вэ? гэсэн асуулттай л явж байна. Тамирчны талаарх тодорхой мэдээллийг өөрийнх нь дасгалжуулагч Ц.Хосбаяраас асуусан нь дээр байх. Би П.Орхоныг 2016 он хүртэл шигшээ багт байхад нь дасгалжуулж байсан” гэлээ.
Үүний дараа бид гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай холбогдоход нэлээд удаан цааргалсны эцэст “МЧБХ ийм байр суурьтай байгаа бол би тодорхой хэдхэн зүйл ярья” гэснээр бидний яриа өрнөсөн юм.
Б.Батбаяр бол П.Орхоныг гарч ирсэн цагаас нь хойш хорлож эхэлсэн хүн
-П.Орхоны арбитрын шүүхэд хандах боломжит хугацаа дуусгавар боллоо гэдэг албан бус мэдээлэлтэй байна. Яг өнөөдөр та энэ асуудалд та ямар нэгэн байр суурийг илэрхийлээч?
-Дүрмээрээ бол Дэлхийн бөхийн холбооны шийдвэр, Монголын чөлөөт бөхийн холбоонд ирсэн байгаа. Тэгэхээр эхлээд Монголын чөлөөт бөхийн холбоо мэдэгдэл хийнэ. Үүний дараа тэр охиныг 13 настайгаас нь хариуцаад авч яваа би дуугарах ёстой. Арбитрын шүүхийн хугацаа энэ сарын 11-нд дуусгавар болсон нь үнэн. Үүнийг холбоо мэдэж байгаа. П.Орхон арбитрын шүүхэд хандвал чөлөөт бөхийн холбоо надад яаж туслах вэ? гэж асуусан. Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж хэлсэн байсан, гэвч холбоо удирдах зөвлөлгүй болоод удаж байгаа шүү дээ.
-Өө, тийм үү?
-МЧБХ бүх асуудлыг мэдэж байгаа ч ингэж “аашилж” сурсан газар. Эцсийн зорилго нь “Алдар” спорт хорооны тамирчид, дасгалжуулагчид тодруулбал, П.Орхон бид хоёрыг унагах арга. Надад дэлгэх баримт бий. Гэхдээ цаг нь арай болоогүй байна. Би Б.Батбаяртай уулзаад “Дэлхийн бөхийн холбооны торгосон шийдвэр холбоонд ирсэн учир чи эхлээд мэдэгдэл хий, дараа нь би баримтаар дэлгэе гэхэд "Үгүй" гэсэн. Саяхан манай Ц.Цогтбаяр Хөх хотоос ирээд яг энэ өрөөнд “Б.Батбаяр аа ахын дүү хүмүүс хүлээлттэй байна хоёулаа мэдэгдэл хийе” гэхэд бас "Үгүй ээ" гэсэн.
-Ямар шалтгаанаар гэдгийг та асуусан уу?
-Цаг хожих, хүмүүсийн анхаарлыг сарниулах зорилготой. Дунд нь энэ охин хайран байна шүү дээ.
-Харин тийм. Тэгээд л гайхаад асуугаад байна?
-Шударга л ярья. Б.Батбаяр гэдэг хүнд П.Орхоны амжилт, алдаа оноо ямар ч хамаагүй. П.Орхонг анх гарч ирсэн цагаас нь “хорлож” эхэлсэн хүн. Гол утга учир нь Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр гэдэг хоёр хүнийг чөлөөт бөхийн ертөнцөөс холдуулах. Ц.Цогтбаярыг албан газар, яам руу элдэв бичиг явуулсаар байгаад тэтгэвэрт нь гаргалаа. Харин аз болж чадвартай хүн хаана ч ажилладаг жаягаар Хөх хотод ажиллаад Монголчууддаа их тус болж байна. Дасгалжуулагч О.Пүрэвбаатарт ямар ч ажил өгөхгүй гүрийсээр байгаад манай хүн амьдралаа бодоод гадагшаа явлаа. Одоо ганц би үлдээд байна. Товчхон хэлэхэд П.Орхоныг ийм асуудалд холбогдсон нь хэдэн багш нарыг нь унагаах ажилгүй болгох зорилготой байсан.
- П.Орхоны амжилтын ард Монгол Улсын нэр гарна. Гэтэл яагаад?
-МБЧХ сүүлийн жилүүдэд хагарал бутралтай болчихсон. Яривал энд маш их асуудал бий. Удаа дараагийн шударга бус үйлдэл, ялгаварлан гадуурхалт, дээрэнгүй, эрх мэдлээр түрий барьсан удирдлагуудын үйлдэл нөхцөл байдлыг ийм болгосон. Энэ бүхнийхээ хажуугаар шударга бус зүйлтэй тэмцдэг Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр хоёрыг унагах гэж тэмцэж яваа.
П.Орхонд "Задарсан ус ууж болохгүй. Хоол ундандаа анхааралтай байгаарай" гэж захиад явуулсан
-Монголын чөлөөт бөхийн холбоо шинэ удирдлагатай болсноор шударга бус үйлдлүүд ихэссэн гэлээ. Жишээ нь...?
-Д.Дагвадоржийг ерөнхийлөгч болсны дараа "Найрамдал" зусланд тэрбум төгрөгийн өртөгтэй зургаан дэвжээтэй бөхийн ордон байгуулж дарга нарыг урьж нээлт хийлээ гэсэн. Гэтэл тэр нь хэдхэн краказ төмөр босгосон зуны платик, одоо зүгээр цементэн суурь л үлдсэн. Хэдэн тэрбум төгрөгөөр хувцас авч ирлээ л гэсэн, үндсэндээ шигшээ багийн хэдхэн тамирчин л өмссөн. Ялгаварлан гадуурхаж эхэлсэн. П.Орхон олимпийн жинд түрүүлж ирээд холбооноос гурван сая төгрөг, О.Насанбурмаа олимпийн бус жинд мөнгөн медаль аваад 20 сая төгрөг, Б.Шоовдор олимпийн бус төрөлд хүрэл медаль аваад 10 сая төгрөг авсан.
-П.Орхоныг анхнаас нь дарж эхэлсэн гэсэн утгатай зүйл та түрүүн хэлсэн. Тодруулбал...?
-П.Орхон 2014 оны УАШТ-д С.Бямбацэрэнг цэвэр ялаад гурван шүүгч нь дэвжээ алгадаж ялалт өгөхөөр гарыг нь өргөх тэр мөчид Б.Төмөрбаатар шүүгч дэлхийн бөхийн холбоонд байхгүй дүрэм гарган ирж дахин барилдуулж ялагдуулсан. 2015 оны улсын аваргаар 55 кг-д барилдаад мөнгө авлаа. С.Бямбацэрэн нэгдүгээр тойрог дээр ирээгүй, дүрмээр бол шууд хасах ёстой. Гэтэл Б.Батбаяр, Б.Төмөрбаатар нар хоёрдугаар тойргоор оруулж ирсэн. Тэр охин 58 кг-д барилддаг байсан. Тэр жил П.Орхон 55 кг-д жиндээ оролцсон бүх тэмцээнээс медаль авсан. Тэгээд яг дэлхийн аваргад явуулах гэтэл П.Орхоныг үлдээгээд дээд талын жингийн охиныг манай хүүхдийн жинд хүчээр оруулж ирээд С.Бямбацэрэнг явуулсан. Ингээд хоёр жил дэлхийн аваргад явуулаагүй. 2016 онд П.Орхон улсын аваргад түрүүллээ. Ярыгиний тэмцээнд очиж Каори Ичёг ялж түрүүллээ. Киргизийн Азийн аваргаас мөнгөн медаль авч олимпийн эрхээ авсан. Гэтэл энд Э.Гантуяа, Л.Цэрэнчимэд, Б.Шоовдор гуравтай хамт Итали, Польш руу сорил тэмцээнд явуулсан. Энэ жинхэнэ алсан, хоёр удаа жин хасаад дээрээс нь сэтгэлзүйн дарамтанд оруулсан. Ерөөсөө л энэ хүүхдийг илтээр улаан цайм дарж, хорьж ирсэн.
-Цаашаа мөн санаатай хорлолт гэх зүйл бий юу?
-Дөрөв дэх хорлолт 2017 онд болсон. П.Орхон дахиад л улсын аваргад түрүүлээд Азийн аваргадаа явна гээд бэлдэж байлаа. Гэтэл “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн найман тамирчинг Азийн аваргад багаар нь хасчихсан. Тэгэхээр нь бид нар П.Орхоныгоо аваад олимп бааз руу дөчөөд хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлд гарлаа. Дараа нь Хархорин руу гурван гэр бариад дахиад гарлаа. Тэгээд Цогоо, “Батсол” компанийн Батсайхан бид хэд Орхоныгоо авч явж, Францын нийслэл Парис хотод 2017 оны ДАШТ-ий аварга болсон. Энэ амжилт Б.Батбаяр гэж хүний дургүйцлийг дээд цэгт хүргэж Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр хоёрыг яаж дарах вэ л гэж боддог болсон байх. Бид хоёрыг унагахын тулд П.Орхон дээр асуудал үүсгэе гэж тооцоолсон.
-Танд үндэслэл байна уу?
-Мэдээж хэрэг байгаа. Индонезийн Азийн тоглолтод явах үеэр намайг холбооноос хэдэн шүүгч гарын үсэг зураад цагдаад өгчихсөн. Ордонд болсон зодоон цохионы асуудлаар, би уг нь яагаа ч үгүй л дээ. Үүнээс болоод П.Орхонтойгоо явж чадаагүй шүү дээ. Тэр цагдаа та хилээр битгий гараарай, хориг тавьсан гэхээр нь би итгэчихгүй юу. Намайг юм мэдэхгүйгээр далимдуулж л торгоосон юм байна лээ.
-П.Орхон дасгалжуулагч багшаасаа тусдаа явсан энэ тэмцээнээс допинг илэрсэн?
-Тэр чинь наймдугаар сард болсон тэмцээн. Бид нар долдугаар сард Батсүмбэрт бэлтгэлд гарсан. Долдугаар сарын сүүлчээр П.Орхон хот руу орж дэлхийн допингийн төвд байршлаа тодорхойлсон. Дараа нь найман сарын 5-нд Дэлхийн аваргын сорил тэмцээнд орсон. Үүнээс хориод хоногийн дараа тэр муухай мэдээг сонссон. Охиноо явахад Цогоо бид хоёр, ялангуяа Цогоо багш нь "Задарсан ус ууж болохгүй, хоол ундандаа маш анхааралтай бай" гээд их захьсан. Олимпийн жил эрэгтэй багийн дөрвөн тамирчны хоолонд мелдонин гэж бодис хийж өгсөн шүү гэж хүртэл хэлсэн.
-П.Орхон өөрөө санаандгүй байдлаар ч гэсэн ямар нэг нэмэлт зүйл хэрэглээгүй юм байна. Тийм үү?
-Охин юу ч хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Тэр станазолол гэдэг бодисыг би ч мэдэхгүй, П.Орхон ч мэдэхгүй. Надад яг тэр өдрийн П.Орхон бид хоёрын чат байгаа. Өөр ч хэд хэдэн баримт бий. П.Орхон тэгэхэд "Нэрийг нь ч мэдэхгүй, үйлчилгээг нь ч мэдэхгүй бодисыг би яаж хэрэглэсэн байх уу" гээд уйлж байсан. Би Б.Батбаяр эд нарт үнэхээр дургүй хүрч байна. Өшөө хорсол, уур хилэн байвал Ц.Цогтбаяр бид хоёрыг оролд л доо. П.Орхон бол дэлхийд танигдсан, өөртөө итгэчихсэн ид гялалздаг үе дээрээ яваа хүүхэд.
Ц.Хосбаярыг үлдээж, П.Орхоныг авч явна. Үүнийг нэг хэрэглүүлэхэд тамирчин босч ирэхгүй гэдгийг тооцоолсон
-Та саяхан нүүр номондоо “Орхоныг хорлох нь ганц нэг хүнд ус агаар мэт хэрэгтэй байсан” гэж бичсэн нь ийм учиртай байжээ?
-Би цаг нь болохоор бүх юмыг албан ёсны дагуу дэлгэнэ. Өнөөдөр бол хардах эрхийнхээ хүрээнд гэсэн тодотголтой ярина. Цогоо бид хоёрыг хөөчихөөр чөлөөт бөхийн холбоо нээх сайхан болчихно гэж ойлгоод байгаа юм. Үнэндээ бид хоёр Монголын чөлөөт бөхийн амжилтын гуравны нэгийг гаргаж байна. Багаар ярихад шүү. Багш удирдлагуудын нэг муу хоёрын хооронд асуудлаас болоод энэ хүүхэд хохирчихлоо. Миний үнэн дургүй хүрч байна.
-Арбитрын шүүхэд боломж байгаа юмуу?
-Энэ охин явахаасаа айгаад байна, би ч яв гэж хэлж чадахгүй байна. Өмнө нь Б.Мандахнаран олимпийн медалиа авах гээд бараг 50 сая төгрөг зарцуулсан, арбитрын шүүхэд. Гэтэл яг бүх асуудал цэгцрээд ирсэн чинь МЧБХ-ны удирдлага болон шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр хоёр гарын үсэг зураагүй шүү дээ. Ингээд 50 сая төгрөг салхинд хийссэн. Тэгэхээр одоо надад П.Орхоныг тийшээ яв гэж хэлэх зориг алга. Холбоо албан ёсны бичиг өгөхгүй бол яана, тийм биз дээ.
-П.Орхоны сэтгэл санаа одоо ямархуу байдалтай байна вэ?
-Ямар олиг байхав дээ. Их дайчин охин шүү дээ уг нь. Дэлхий чагнаж байгаа тамирчнаа баллаад хаячихлаа. Дахин хэлье. П.Орхонд эм хэрэглэх шаардлага байгаагүй. Ноднингоос хойш бид нар таван удаа допингийн шинжилгээнд орсон. Улиралд нэг удаа байршилаа тодорхойлж дэлхийн допингийн төвд өгөөд яваад байсан. Азийн тоглолтод орж байж допинг хэрэглэх шаардлага байх уу. Түрүүлсэн хүн допингийн үзлэгт орно гэдгээ баттай мэдэж байгаа. П.Орхон бол өөрийгөө мэдэрчихсэн, өөртөө итгэчихсэн хүүхэд. Хардах эрхийнхээ дагуу хэлье, П.Орхоны допингийн асуудал цаанаасаа том захиалагчтай. Нэлээн дээрээс том хүний шидсэн чулуу. Хэн гүйцэтгэсэн бэ гэдэг нь их сонин байна. П.Орхон дэлхийн хошой аварга, олимпийн аварга болох нь тэр хүмүүсийн хувьд хамгийн таагүй үйл явдал байсан.
-Илрэх болов уу?
-Илэрнэ. Монголд нууц юм нэг их уддаггүй. Энэ бол маш тодорхой зүйл. Ц.Хосбаяр, Ц.Цогтбаярын хүүхэд олимпод түрүүлээд, дэлхийд хошой аварга болчихвол энэ хоёр миний толгой дээр гараад ирнэ. Батсайхан, Бямбадорж гээд залуучууд бөхийн холбоог авчихна гэсэн ёстой нөгөө айдас хүйдэс яваад байна.
-П.Орхон энэ бүхнийг гадарлах уу?
-Мэдэж байгаа. 25 настай хүүхэд шүү дээ. Өөрийг нь яаж нухчин дарж байсныг тэр хүүхэд бүгдийг нь мэднэ. Та нар гэр бүлийнхэнтэй нь уулзаж болно. Дэлхийн аварга шалгаруулах сорил тэмцээний орой Б.Батбаяр интернэтэд “Энэ хүмүүс өөрсдийнхөө нүд рүү хуруугаа хийлээ” гэж бичсэн. П.Орхоныг ирсний дараа энэ бэлдмэл зөвхөн тариагаар байдаг гэж ярьсан. Гэтэл шахмалаар бас байдаг юм байна. Хоолонд нь хийгээд тэр хоолоо бүрэн хэмжээгээр идэхэд илэрдэг бодис юм билээ. П.Орхон бид хоёр орчуулагч, өмгөөлөгчтэйгөө Б.Батбаяр гадаад харилцааны ажилтан Буянаатай хамт шууд видео каллоор Азийн допингийн холбооны хоёр том хүнтэй шууд ярилцсан.
Охин “За би та хоёроос нэг л юм асууя. Нэгэнт л миний биед санаандгүй ч гэсэн орчихсон юм чинь би зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ бэлдмэл яаж хүний биед үйлчилдэг юм бэ, тунг нь тодорхойлж болох уу” гэсэн. Тэгэхэд нь “Хоолонд хангалттай хийгээд тэр хоолоо бүрэн идэхэд гарна” гэж хэлсэн. Би тэр үед хүүхдээ хараад үнэхээр өр өмөрч байсан даа. Бүх цаг үед нь нухчин дарж ирсэн ч нэгэнт төрчихсөн авьяас хүч чадал болохоор яалт ч үгүй гялалзсаар энд ирсэн байхгүй юу.
-П.Орхоноос илэрсэн бодисыг бүх цаг үеийн туршид хориглосон бэлдмэлийн нэгдүгээрт бичигддэг гэж байсан?
-Би ч, П.Орхон ч нэрийг нь ч мэдэхгүй, үйлчилгээг нь ч мэдэхгүй. 1988 онд Бен Жонсон олимпийн аварга болохдоо хэрэглэж байсан юм билээ. Үүнийг маш сайн мэддэг үнэхээр гаршсан хүн хийсэн. Маш сайн тооцоолсон. Ц.Хосбаярыг үлдээнэ, хүүхдийг нь авч явна. Үүнийг нэг хэрэглүүлэхэд энэ тамирчин босч ирэхгүй гэдгийг тооцоолсон.
-Дурын хүн аваад хэрэглэх боломжтой юм уу?
-Бид юу ч мэдэхгүй. Гэхдээ дараа нь судалсан. Хэн дуртай нь хэрэглэх боломжгүй гэсэн.
Би хамт яваад булан дээр зогсож байсан бол хариуцлагаа өөрөө хүлээнэ
-МЧБХ дотор маш олон асуудал байдаг юм байна. Хамгийн гол нь тэр бүхэн нь Монгол тамирчдын дархлаад нөлөөлнө гэдэг харуусалтай санагдлаа?
-Үнэхээр гомдмоор, дургүй хүрмээр асуудлууд байдаг. Эрх мэдэл гэдэг хүнийг чоно болгодог зүйл юм байна. Би эхнэрийнхээ шуба захисан мөнгөөр хүүхдүүддээ зардал хийгээд явдаг тийм л хүн. Тийм учраас би шударга бус юмтай эвлэрч чаддаггүй. Сүүлийн жилүүдэд холбоо мөнгөгүй гээд тэмцээнд шүүгчгүй явдаг болсон. Дөрвөөс дээш тамирчин шүүгчгүй очихоор 2500 швейцарь франкаар торгуулах болсон. Сүүлдээ аргаа бараад тамирчид, дасгалжуулагчдыг шүүгчийн мөнгийг ол гэх болсон. Сүүлийн жилүүдэд бүх том тэмцээнд ихэнхдээ эмчгүй явдаг болсон. Киргизийн Азийн аваргад насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчид Тайваны эмчээс тусламж авч байсан. Хамгийн сүүлд Ю23-т явахдаа би Чимэдээд Оросын эмчээс эм гуйж авч өгсөн. Цугларалтгүй явдаг болсон. Нэг цугларалтад 30-40 хүн 14-21 хоног явдаг. Санхүүг нь шийдэж чадахгүй байна гээд бэлтгэлгүй болсон. Сахилга, дэг журам гэж юу ч байхгүй. Дасгалжуулагчдаа агсам тавьдаг, АНУ-ын визэнд согтуу ордог тамирчид хүртэл байна. Ийм нөхцөл байдалтай эрх мэдэл байгаад ч яадгийн гэж би боддог.
-Та өөр юуг нэмж хэлмээр байна?
-Би 1984 онд “Алдар” спорт хороонд ирсэн. Дундаа нэг хэсэг завсарлаад эргээд ирсэн. Миний нэг хөгийн зан бол хүнд долигнож чаддаггүй, шударга биш юмтай эвлэрч чаддаггүй. Үнэндээ чаддаггүй. Би заримдаа боддог юм, багш нь энэ бүхэнтэй эвлэрээд хутгалдаад явсан бол П.Орхоныг минь хорлохгүй байсан байх гэж. Гэхдээ миний шавь бол шартай хүүхэд, багшаа би барилдана гэж хэлсэн. Охиндоо итгэж байгаа. МЧБХ дүрэм журам гаргадаг юмаа. Гэхдээ үүнийгээ зөвхөн “Алдар”-ын тамирчид зөрчдөг. Хоёрхон жишээ хэлье. Энэ жил Азийн тоглолтод рейтэнгийнхээ оноогоор “Алдар”-ын тамирчин Г.Ариунжаргал явах байсан. Гэтэл Завхан аймагт хадамлаж яваад ирсэн Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмааг ямар ч бэлтгэлгүй байхад нь хүчээр тавьж тэнд муу барилдсан. Гэтэл О.Насанбурмаа ирээд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багш дээрээ ирээд бэлтгэлээ хийж сар гаруй болсон. Ингээд дэлхийн аваргад түрүүлэх шахаад мөнгөн медаль авсан. Дараа нь Монгол Улсын гавьяат тамирчин Л.Цэрэнчимэд сорил тэмцээнд Гантуяаг цэвэр хожсон. Гэтэл ДАШТ-д Гантуяаг хүнд жинтэй, Цэрэнчимэдийг хөнгөн гэж үлдээсэн. Миний охин жингээр биш хурдаар, мэх, техникээр, ухаанаар багшийнхаа хэлсэн үгээр барилддаг юм аа. Иймэрхүү шалтгаанаар “Алдар”-ын тамирчдыг хавчдаг.
-П.Орхоны энэ асуудалд хэн нэгэн хариуцлага хүлээх үү?
-Миний бодлоор ЕНБД Б.Батбаяр гарцаагүй хариуцлага хүлээнэ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баттулга бас гарцаагүй хариуцлага хүлээх ёстой. Намайг хилийн хориг гэж айлгаад явуулаагүй учраас П.Орхоныгоо шигшээ багт аваачиж өгсөн. Би хамт яваад булан дээр гарсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Амжилт гаргахад нь шагнал урамшуулал хүртдэг юм чинь шийтгэлээ ч гэсэн хүлээх байсан. Тэр хүмүүс юу бодож байгааг мэдэх юм алга.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Хосбаяр: П.Орхон бол дэлхийд танигдсан, өөртөө итгэчихсэн ид гялалздаг үе дээрээ яваа хүүхэд | ||
Үзсэн: 15041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.