Шууд Chart

БЗД-ийн 10, 19-р тойрогт явагдсан дахин сонгуулийн дүнг танилцууллаа

2019-03-25 11:54:39

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль болсон. Сонгуулийн санал хураалт ирцийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгууль хуулийн дагуу явагдаж дууссан. Тойргуудад ирц 50 хувиас дээш, хүчин төгөлдөр явагдсан байна.  

Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт нэрсийн жагсаалтад 4657 сонгогч бүртгэлтэй. Үүнээс 2647 сонгогч саналаа өгч ирц 56,8 хувиар бүрджээ. МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 1460 сонгогч саналаа өгч 55.2 хувь, Монголын консорватив намаас нэр дэвшигч О.Мөнхтуяа 19 хүний санал буюу 0.72 хувь, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч н.Мягмардорж 24 хүний санал 0.91 хувь, Монголын Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхцэцэг 20 хүний санал буюу  0.76 хувь, бие даагч М.Алтанзаяа 989 хүний санал буюу 37.4 хувь, бие даагч н.Жаргал 114 хүний санал буюу 4.31 хувийн санал авчээ.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт нийт 7154 сонгогч бүртгэлтэйгээс 3850 хүн буюу 53.82 хувиар ирц бүрдсэн. МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 2029 хүн буюу 52.7 хувь, Консорватив намаас нэр дэвшигч н.Долгормаад 15 хүн буюу 0.35 хувь, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч н.Орхон 30 хүн буюу 0.64 хувь, Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхзаяа 47 хүний санал буюу 0.21 хувь, бие даагч н.Уламбаяр 412 хүний санал 11.25 хувь, бие даагч Т.Туул 1277 буюу 35.94 хувийн санал тус тус авчээ.

Дээрх хоёр тойрогт 11772 сонгогч бүртгэлтэй. Үүнээс нийт дүнгээр 55 хувиар ирц бүрдсэн. Сонгуулийн тухай хуулийн 161.1, 161.3, 161.4-т заасны дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх гардуулдаг. Үүний дагуу Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгосон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


БЗД-ийн 10, 19-р тойрогт явагдсан дахин сонгуулийн дүнг танилцууллаа   
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-05 10:11
БЗД-гийн ЗДТГ-т юу болоод байна вэ? Монголд хууль ёс гэж ер нь байна уу? Аль нь зөв бурууг ялгаад дүүргийн удирдлагыг одоо болтол сонгож чадахгүй байгаа юм биш үү? Хаана маргаан гарна тэнд очоод шуугиан үүсгэж байдаг хөлсний цэрэг шиг хэдэн авгай нар байх юм. Уг нь бүх зүйлийг хуулийн дагуу шийдэж болно шүү дээ. Дүүргийн нам эвслүүд талцан хэрэлдэж байхад дүүргийнхэн хог шороондоо дарагдаж гүйцлээ. 12-р хороо гэхэд 3 сар хогоо ачуулсангүй. Хороо, хэсэг гэж нам дагаж хошуурсан хэдэн авгай нар сонгууль болохоор л харагдана. Дүүрэг хороо хэсгийнхэн төрийн албан тушаалаас мөнгө саахгүй бол амьдрал нь үгүй болчих гээд байна л даа. Засаг төр байгаа бол үнэнийг нь олоод төрийн албадлагаа хэрэглээд өг л дөө. Ноёны бөх шиг тэмцэлддэгт чинь жирийн ард түмэн залхаж байна шүү.

Бидэнтэй нэгдээрэй