
“Дэлхийн шилдэг багш” шагналыг Кенийн тосгоны сургуулийн багш Питер Табичи хүртлээ. Математик, физикийн багш, Францисканчуудын шашны бүлгэмийн гишүүн тэрбээр жил бүр олгодог энэ шагналыг хүртсэнээр нэг сая ам.долларын эзэн болсон байна.
Питер Табичи нь сар бүрийн цалингийнхаа 80 хувийг сурагчдынхаа сурах бичиг, дүрэмт хувцсанд зарцуулдаг. Кенийн ядуу тосгоны энэ сургуулийн сурагчдын олонх нь эцэг, эхээ алдсан. Мөн багшийн хүрэлцээгүй, сургуулиас олгодог тэтгэмж муу гэнэ. Тус сургуулийн нэг анги 70-80 хүүхэдтэй. Тэдний олонх нь өглөө бүр хичээлдээ зургаагаас дээш километр алхаж ирдэг ажээ.
Питер Табичи багш хүүхдүүдээ шинжлэх ухаанд дуртай болгон хүмүүжүүлэх зорилготой юм байна. Мөн хичээлдээ ирэхгүй байгаа хүүхдүүдийн гэрээр байнга эргэж тойрч, насанд хүрээгүй охиноо гэрлүүлэх гэж байгаа эцэг, эхчүүдэд сургуулийг нь заавал төгсгөхийг ятгадаг. Түүний сурагчид үндэсний болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Британийн Хатан хааны химийн нийгэмлэгээс хүртэл шагнал авч байжээ.
“Дэлхийн шилдэг багш” шагналыг “Варки Фаундэйшн” сангаас жил бүр олгодог. Шагналыг үүсгэн байгуулагч, Энэтхэгийн бизнесмэн Санни Варкигийн хэлж байгаагаар энэ шагналын гол зорилго нь багшийн мэргэжлийн алдар хүндийг өргөх гэжээ.
Энэ жилийн тухайд 179 орны хэдэн арван мянган багшаас сонголт хийсэн байна. Питер Табичи багшийн түүх багш болох хүсэлтэй хүн бүрт урам зориг өгнө гэж шагналыг үүсгэн байгуулагч Санни Варки хэлжээ.
Кенийн тосгоны сургуулийн багш “Дэлхийн шилдэг багш” болжээ | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.