Шууд Chart

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг НББСШУ-ны байнгын хорооны даргаар сонголоо

2019-03-27 22:30:29

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.27) нэгдсэн хуралдаанаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/-ны Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.  УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг тус байнгын хорооны даргаар сонгохоор нэр дэвшүүлсэн байна.

Хуралдааны эхэнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувь нь дэмжиж, түүнийг Байнгын хорооны даргаар сонголоо.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 1986 онд Улсын Багшийн Их сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 1985-1990 онд дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, 1991-2000 онд Отгонтэнгэр Их сургуулийн ректор, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр Их сургуулийн ерөнхийлөгч, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2009 онд Улсын Их Хурал  дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, 2008-2019 онд Монголын Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд УИХ-ын гишүүн,  Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016-2017 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд Боловсрол судлалын ухааны доктор, профессорЯпон улсын Сока Их сургуулийн хүндэт доктор, ОХУ-ын Аюулгүй байдал хамгаалалт, эрх зүйн академийн профессор, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын гавьяат багш юм.


УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг НББСШУ-ны байнгын хорооны даргаар сонголоо  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-29 19:21
ene untsaar taarna

Бидэнтэй нэгдээрэй