Шууд Chart

Монголчууд Европын улсууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ

2019-03-29 09:49:13

-Дамжин өнгөрөх тээврийн сүлжээг Европ болон Төв азийн улсууд руу өргөтгөх суурь тавигдлаа-

Зам, тээврийн хөгжлийн яамнаас олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Европын холбооны улсуудтай байгуулахаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан баг ажиллаж байна. 

Томилолтын хүрээнд Герман, Чех, Словак зэрэг улсуудтай хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажих хүртэл тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгүүдийг солилцсон юм. Ингэснээр дээрх улсууд уруу Монгол жолооч нар тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна. 

Мөн энэ сарын 25-ны өдөр БНУнгар Улсын Тээврийн яамны төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч үзэглэсэн бөгөөд зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэрлэлт эхлүүлэхээр тохиролцов.  Монгол, Унгар Улс хооронд өнгөрсөн онд 12 сая.ам долларын худалдаа хийгдсэн бөгөөд манай улс 11.8 сая ам.долларын эм, офиссын төхөөрөмж, шоколад, какоа агуулсан хүнсний зүйлс, ариун цэврийн хэрэгсэл, живх зэрэг бараа бүтээгдэхүүн импортлосон байдаг.

Тус уулзалтаар хоёр улс хооронд тээвэрлэлт гүйцэтгэх зүйн орчин, олон улсын тээвэрлэлт хийхэд тавигдах шаардлага, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, хэлэлцээрийг ойрын хугацаанд баталгаажуулахад талууд идэвхитэй хамтарч ажиллахад санал нэгдэв. Ингэхдээ Европын холбооноос тус улсуудад тээвэрлэлт эрхлэхэд Евро-3 стандартаас дээш шаардлага хангасан тээврийн хэрэгсэл явуулах, татвар, жолоочийн ажил амралтын дэглэм зэрэг асуудал гарах тул хэрхэн шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар нарийвчлан ярилцсан юм. 

Түүнчлэн өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Бүгд найрамдах Польш улсын Дэд бүтцийн яамны төлөөллүүдтэй хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, зөвшөөрлийн бичиг солилцлоо. Тус хэлэлцээрийг ирэх 9 дүгээр сард Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар баталгаажуулж, гарын үсэг зурах саналтай байгаагаа талууд илэрхийллээ. 

Тус уулзалтын үеэр БНПУ-ын Автотээврийн хяналтын ерөнхий газартай Монгол Улсын автотээврийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар хамтран ажиллах тухай санал солилцов. Дашрамд дурдахад, тус улсад олон улсын тээвэрт оролцож буй 200 мянга гаруй тээврийн хэрэгсэлд дээрх байгууллага хяналт тавьж, хил, гаалийн байгууллагуудтайгаа мэдээллийн нэгдсэн системтэй байдаг бөгөөд Европын холбоондоо ихээхэн нэр хүндтэй, арвин туршлагатай төдийгүй Украйн, Хорват, Турк, Казахстан улсуудын тээврийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар төсөл хэрэгжүүлж байсан байна.

Цаашид Европын холбооны улсууд хооронд худалдааны эргэлт нэмэгдэн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өргөжин хөгжиж, тээвэр худалдаа улам боловсронгуй болно гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ. 

Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд тохирсон Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээврийн сүлжээг Европ болон Төв азийн улсууд руу өргөтгөх үндэс суурь ийнхүү тавигдаж, монголчууд ХБНГУ, БНЧУ, БНСлов, ак Улс, БНУнгар Улс, БНПольш Улсууд уруу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Монголчууд Европын улсууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ  
Үзсэн: 1468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-26 17:10
Ашгүйдээ сайхан мэдээ байна 4н жилийн өмнө казакстанлуу очих ёстой ачаа маань очиж чадаагүй монголд үрэн таран болсон заавал оросын нутгаар дамжин өнгөрнө москва-с зөвшөөрөл авсан байх ёстой гэсэн шалтгаанаар
Зочин [127.0.0.xxx] 2019-03-30 08:11
Hezeenees ywj ehleh boloo jolooch bvrgej bga ymu

Бидэнтэй нэгдээрэй