Шууд Chart

Япон улсын шинэ эзэн хааны төр барих эрин “Рэйва” нэртэй боллоо

2019-04-01 16:25:01

Япон улсын шинэ эзэн хааны төр барих эрин “Рэйва” нэртэй боллоо. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга зарласан юм.

Тэрбээр телевизийн шууд эфирээр каллиграфаар бичсэн хоёр ханзыг үзүүлж, “Рэйва” хэмээх эдгээр ханз нь “эмх журам, зохицол” гэсэн утгатай. Энэ үгийг 600-759 оны үед бичигдсэн Японы эртний “Манёшю” яруу найргийн цоморлигоос авсан гэлээ. Өөрөөр хэлбэл, эзэн хааны төр барих эриний нэрийг анх удаа Японы уран зохиолоос авч байгаа нь энэ юм байна. Өмнө нь энэ нэр томьёог ихэвчлэн Хятадын сонгодог бүтээлүүдээс авдаг байжээ. 

Японы одоогийн эзэн хаан, 85 настай Акихито энэ сарын 30-нд өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буух юм. Харин тавдугаар сарын 1-нд түүний ууган хүү, хунтайж Нарухито хаан ширээг залгамжилна. Энэ өдрөөс Рэйвагийн нэгдүгээр он эхэлнэ.

Япончууд олон улсад хэрэглэгддэг болон эзэн хаанаа хаан ширээнд суусан жилээр тоолдог он тооллын хоёр систем хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, одоогоор тус улсад 2019 он, мөн Хэйсэйгийн эриний 31 дүгээр он үргэлжилж байгаа гэсэн үг юм.

Олон нийтийн санал асуулгаар хоёр он тооллын системийг дэмждэг, дэмждэггүй хүмүүсийн тоо ойролцоо байдаг гэнэ. Харин сүүлийн үед залуучууд олон улсын он тооллыг илүүд үзэх болжээ.

Шинэ эзэн хааны эриний нэрийг сонгодог уран зохиолын томоохон мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй хороогоор бүрэн нууцлал дор хэлэлцсэн. Харин өнөөдөр тэд Засгийн газарт эцсийн таван хувилбараа танилцуулж, нэгийг нь батлуулсан юм. Үүнээс өмнөхөн шинэ эриний нэр япончуудад уншиж, бичихэд хялбархан хоёр ханзнаас бүрдэнэ гэж мэдээлж байлаа.

Ийнхүү парламентийн хоёр танхимын удирдлагууд, олон нийтийн төлөөлөл хэлэлцсэний эцэст Засгийн газраас эцсийн шийдвэрийг гаргаж, шинэ эриний нэрийн тухай зарлигт Акихито эзэн хаан гарын үсэг зурсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Япон улсын шинэ эзэн хааны төр барих эрин “Рэйва” нэртэй боллоо   
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй