Шууд Chart

Шинзо Абэ: Шинэ эзэн хааны төр барих эриний нэрийг Японы ард түмэн хүлээн авна гэдэгт найдаж байна

2019-04-01 18:42:34

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ эзэн хааны төр барих эриний нэрийг Японы ард түмэн хүлээн авна гэдэгт найдаж байгаагаа Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.

Тэрбээр “Рэйва” хэмээх шинэ эзэн хааны төр барих эриний нэрийн утгыг тайлбарлахдаа “Бид ард түмэнтэйгээ хамт шинэ эрин, бүрэн итгэл найдвар, амар амгалан өдрүүдийн төлөөх шийдвэрээ баталлаа” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, шинэ эриндээ ард иргэд нь дэг журамтай, эв найртай амьдрахыг бэлгэдэж энэ нэрийг сонгосон байна. 

Үүнээс өмнөхөн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга “Рэйва” буюу “Эмх журам, зохицол” гэсэн утгатай хоёр ханзыг шинэ эриний нэрээр сонгосон гэдгээ зарласан юм.

“Рэй” буюу “эмх журам” гэдэг ханз эзэн хаадын төр барих эриний нэрэнд анх удаа хэрэглэгдэж байна. Харин “Ва” буюу “тайван, амар амгалан” гэсэн ханз 19 удаа ашиглагдаж байжээ.

Японы эзэн хаадын төр барих эриний нэршил 645 оноос эхлэлтэй. Одоогийн хаан Акихитогийн төр барих эриний нэр нь Хэйсэй буюу “амар амгалан тогтоох” гэсэн утгатай, 247 дахь нэр юм байна.

Харин тавдугаар сарын 1-нд хунтайж Нарухито хаан ширээ залгамжилснаар "Рэйва" эриний нэгдүгээр он эхэлнэ. “Рэйва” хэмээх ханзыг ирэх сараас мөн зоосон мөнгө, хуанлийн бүтээгдэхүүнд хэрэглэх юм байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Шинзо Абэ: Шинэ эзэн хааны төр барих эриний нэрийг Японы ард түмэн хүлээн авна гэдэгт найдаж байна  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй