Шууд Chart

Алжир улсын Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефлика огцрох хүсэлт гаргажээ

2019-04-03 12:44:19

Алжир улсын Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефлика Төрийн тэргүүний үүргээсээ татгалзаж байгаагаа Үндсэн хуулийн зөвлөлдөө мэдэгдлээ гэж "АПС" албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлэв. 

Тус улсын Үндсэн хуулийн зөвлөлөөс Абдель Азиз Бутефликаг чөлөөлөх эсэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Бутефлика улс орондоо цаашид үймээн самуун дэгдээхгүй байх зорилгоор Төрийн тэргүүний үүргээ өгөх болсон гээд илүү сайхан ирээдүйд итгэж байгаагаа илэрхийлжээ. “Миний гаргасан шийдвэр бол иргэдээ тайвшруулах, Алжирын илүү сайхан ирээдүйн төлөө шилжилтээ эхлүүлэхэд нь нэмэр болох зорилготой” гэж тэрбээр Үндсэн хуулийн зөвлөлд өгсөн ил захидалдаа дурджээ.

Түүний хэлж байгаагаар, улс орны байдал хүндэрч, харилцан бие биенээ буруутгаад эхэлбэл илүү таагүй үр дагаварт хүрч болзошгүй гэсэн байна. Алжир улсын экс Төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн суудалд байх хугацаандаа иргэдийнхээ итгэлийг алдахгүйг хичээж, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн гэжээ. Тиймээс ч “Би Алжирын ард түмэндээ зөвхөн хамгийн сайн сайхныг хүсэх болно” гэсэн байна.

Өдгөө 82 настай Абдель Азиз Бутефлика 1999 оноос хойш Төрийн тэргүүнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх болсноо зарлахад ард түмний эсэргүүцэл дэгдэж, огцрохоос өөр аргагүй болжээ.

Алжирын Үндсэн хуулийн 102 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдлын улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд Үндсэн хуулийн зөвлөлд хандах эрхтэй. Энэ дагуу Үндсэн хуулийн зөвлөлөөс тусгай хурал зохион байгуулж, түүнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцдэг байна. Үүний дараа парламентаар Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх эсэх асуудлаар санал хураадаг ажээ. 

Абдель Азиз Бутефлика огцорсон тохиолдолд түүний үүргийг Үндэсний зөвлөлийн дарга Абделькадер Бенсалех гурван сарын хугацаанд хашна. Харин энэ гурван сарын хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлож, явуулах ёстой. Шинжээчид ч түүнийг огцрох хүсэлтээ гаргасан нь хамгийн зөв алхам боллоо гэж үзэж байна. Учир нь Абдель Азиз Бутефликагийн Ерөнхийлөгчийн хугацаа дөрөвдүгээр сарын 28-нд дуусгавар болсноос хойш түүний энэ албан тушаалд байх хугацаа Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болно. 

Нийтэлсэн: Mонголын радио

Алжир улсын Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефлика огцрох хүсэлт гаргажээ  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй