
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас хөрш Умард Македон улсад айлчилсан Грекийн анхны өндөр албан тушаалын улстөрч боллоо. Македон улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш энэ оны нэгдүгээр сард нэрээ өөрчлөх хүртэл хоёр улсын хооронд нэрийн маргаан тасралтгүй үргэлжилсэн юм.
Умард Македоны Ерөнхий сайд Зоран Заев “твиттер” хуудсандаа парламентийн ордныхоо өмнө Грекийн Ерөнхий сайдтай хамт авахуулсан селфигээ тавьж, “Грекийн Ерөнхий сайд анх удаа Умард Македонд ирлээ. Үнэхээр түүхэн өдөр байна” гэж бичжээ.
Югослав задарсны дараа хөрш орон нь Грекийн хойд хэсэгт орших түүхэн мужтай ижил нэртэй болсныг грекчүүд эсэргүүцэж, хоёр улсын харилцаа 27 жилийн турш энэ асуудлаар маргалдсан байна. Энэ явдлаас болж Грек улс Македоныг НАТО, Европын холбоонд ороход саад болж байлаа.
Нэрийн тухай маргаан түүх соёлтой холбоотой. Учир нь Грекийн Македонд Македоны Александр хаан мэндэлсэн. Тийм болохоор энэ бүс Грекийн өв уламжлалын нэг хэсэг болдог.
Харин өнгөрөгч 2018 оны есдүгээр сард македончууд улсынхаа нэрийг өөрчлөх асуудлыг бүх нийтийн санал хураалтаараа дэмжиж, энэ оны нэгдүгээр сард Грекийн парламент нэрээ өөрчлөхийг нь сайшаан дэмжсэн байна. Үүний хариуд Грек улс хойд хөршөө НАТО, Европын холбоонд элсэх асуудалд нь дэмжлэг үзүүлжээ.
Брюсселиэс өнгөрөгч хоёрдугаар сарын 6-нд Умард Македон улсын НАТО-д элсэх тухай тогтоолд гарын үсэг зурсан. Ингээд ирэх оны хоёрдугаар сараас тус улс НАТО-д элсэхээр болж байна.
Ийнхүү нэрнээс үүдэлтэй 27 жилийн өрсөлдөөнд цэг тавигдаж, одоо хоёр улсын удирдагчид харилцаагаа хөгжүүлэх асуудалд анхаарч байна. Алексис Ципрастай хамт Грекийн 10 сайд, бизнесийн 100 орчим төлөөлөгч Умард Македонд айлчилж байна.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Умард Македон улсад айлчилж байна | ||
Үзсэн: 1218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.