Шууд Chart

Иемений иргэний дайнд АНУ-ын талаас оролцохгүй байх тогтоол баталлаа

2019-04-05 13:32:53

Иемений иргэний дайнд АНУ-ын талаас оролцохгүй байх тогтоол баталлаа. Пүрэв гарагт явуулсан санал хураалтаар АНУ-ын Парламентийн доод танхимын гишүүдийн олонх нь Иемений иргэний дайнд АНУ-ын талаас оролцохгүй байхыг дэмжсэн байна.

“Конгресс гадаад бодлогын хувьд үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үл тоож чадахгүй” гэж Парламентийн гадаад бодлогын хорооны дарга Элиот Энгель мэдэгдсэн байна.

Тогтоолыг өнгөрөгч гуравдугаар сард Парламентийн дээд танхим Сенат баталсан юм. Ингэснээр Парламентийн хоёр танхим хоёулаа гадаадын улс оронд болж байгаа хямрал мөргөлдөөнийг зогсоох шийдвэр гаргаж байна.

"Гэхдээ одоо энэ баримт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гараар орно. Тэрбээр тогтоолд хориг тавих нь тодорхой" гэж хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ талаар өнгөрөгч долоо хоногт “Америкийн талын оролцоог үгүй болгох баримт баталснаараа Иемений ард иргэдэд туслахгүй. Харин тэдэнд хор уршиг дагуулсан ажил болно” гэж хэлсэн байна. Хэрэв Дональд Трамп тогтоолд хориг тавих юм бол энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувиар хийсэн хоёр дахь хориг болно.

2015 оны гуравдугаар сараас хойш хямрал мөргөлдөөний хөлд талхлагдсан Иемений сөргөлдөгч тал болох Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэлд АНУ, Их Британи, Франц зэрэг улсууд дэмжлэг үзүүлж байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд Иемений ард иргэдийн 80 орчим хувьд нь хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаагаас гадна 10 гаруй сая хүн өлсгөлөнгийн ирмэг дээр байна гэж НҮБ мэдээлж байна.

Харин өнгөрөгч 2018 онд Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээс хойш Иемений асуудлаарх Дональд Трампын бодлогыг эсэргүүцэгчид олон болсон юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Иемений иргэний дайнд АНУ-ын талаас оролцохгүй байх тогтоол баталлаа  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй