
Никарагуа улсын засаг захиргаа 636 хоригдлыг чөлөөллөө. Тус улсын Дотоод хэргийн яамнаас “Никарагуа улсын Дотоод хэргийн яам Улаан өндөгний баярыг угтан засан хүмүүжүүлэх газруудад хүмүүжиж байгаа 636 хоригдлыг чөлөөлж байгаагаа мэдээлж байна. Тэд дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс гэр бүлээрээ амьдрах эрхтэй болно” гэж мэдээлжээ.
Харин сөрөг хүчний "Иргэний алянс" байгууллагаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн дөнгөж 13 нь улс төрийн хоригдол байна гэж “Пренса” агентлагт мэдэгдсэн байна.
Никарагуа улс өнгөрөгч гуравдугаар сарын дундуур 50 хоригдлыг сулласан юм. Тухайн үед сөрөг хүчнээс “2018 оны дөрөвдүгээр сараас хойш засгийн эсрэг боссон 700 гаруй хүнийг баривчилсан хэрнээ ийм цөөхнийг суллаж байгаа нь инээдтэй юм” гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ “Националь” порталын мэдээлснээр хоёрдугаар сарын 26-наас хойш улс төрийн 212 хоригдлыг чөлөөлсөн гэж мэдэгджээ. Харин дөрөвдүгээр сарын эхээр улс төрийн хоригдол гэх 50 хүнийг дахин чөлөөлсөн юм.
Никарагуа улсын засаг захиргаа Нийгмийн даатгалын санд ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгчдээс авах суутгалыг нэмэгдүүлэх санал гаргаснаас хойш өнгөрөгч оны дөрөвдүгээр сард засгийн эсрэг жагсаал тэмцэл эхэлсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега суутгал нэмэгдүүлэх арга хэмжээг цуцалсан ч эсэргүүцлийн арга хэмжээ зогсоогүй байна.
Эсэргүүцлийн явцад 2018 оны дөрөвдүгээр сарын 18-наас долоодугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 317 хүн амиа алдсан тухай Америк дундын хүний эрхийн хорооноос мэдээлжээ. Амиа алдагсдын дунд 21 нь цагдаагийн ажилтан, 23 нь хүүхэд, өсвөр насныхан байжээ. Тэгвэл Никарагуагийн засаг захиргаанаас 198 хүн амиа алдсан гэж мэдээлдэг байна.
Никарагуа улсын засаг захиргаа 636 хоригдлыг чөлөөллөө | ||
Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.