
Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд хөдөлгөөн илэрсэн гэж Америкийн судалгааны байгууллага мэдээллээ. Вашингтонд төвтэй АНУ-ын Стратеги олон улс судлалын институтээс Умард Солонгосын цөмийн гол байгууламжид хөдөлгөөн илэрснийг сансрын зураг гэрчилж байна гэж мэдээлж байна. Энэ мэдээллээр, Умардын цөмийн гол байгууламж болох "Ёнбён" цогцолборт байдаг уран баяжуулах байгууламж, радио химийн лабораторийн ойролцоо тусгай вагонууд байсан нь дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хиймэл дагуулын зурагт буусан байна.
Энэ нь радио идэвхит материал тээвэрлэж, зөөж байсныг харуулж байгаа юм гэж стратеги судлаачид тайлбарлаж байна. “Өнгөрсөн хугацаанд радио идэвхит материал зөөж, дахин боловсруулах үед тусгай вагонууд байгууламжуудын ойролцоо байж байгаа нь харагддаг байсан” гэж АНУ-ын Стратеги олон улс судлалын институт гаргасан мэдээлэлдээ бичжээ.
Энэ талаар Вашингтон дахь өөр нэгэн судалгааны байгууллагын стратегич Женни Таун “Хэрэв цөмийн үйл ажиллагааг сэргээж, дахин боловсруулалт хийж эхэлсэн бол энэ нь өмнө болсон хоёр удаагийн уулзалтын бүтэлгүйтэлтэй холбоотой байх” хэмээн ярьсан байна.
Учир нь Ханойн уулзалтын үеэр Умардын талаас "Ёнбён" дахь цөмийн туршилтын талбайгаа бүрэн устгах талаар тусгасан гэрээ байгуулах санал тавьсан. “Гэвч талууд гэрээ хэлэлцээрт хүрээгүй. Тиймээс тэр уулзалтын дараа Умардынхан туршилтаа хэр хурдан сэргээх бол гэдэг нь сонин байсан” гэж шинжээч тайлбарлажээ.
Гэвч АНУ-ын Төрийн департаментаас энэ талаар ямар нэг тайлбар хийхээс татгалзсан байна. Харин АНУ-ын Засгийн газарт ажилладаг үнэлгээний нэг мэргэжилтний хэлснээр “Цөмийн үйл ажиллагааг сэргээсний улмаас хөдөлгөөн илэрсэн байж болзошгүй” гэж шинжээчид таамаглал бодитой гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн байна.
Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд хөдөлгөөн илэрсэн гэв | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.