
Error loading player: No playable sources found
“Анод”, “Зоос”, Хадгаламж банк татан буугдахад бүх хохирлыг төрөөс гаргасан. Энэ гурван банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төр өөрийгөө хохиролгүй болгох ёстой ч, энэ ажлын явц удаашралтай байна. Үүнээс гадна сүүлийн үед “Голомт” банк дампуурах нь гэсэн яриа газар аваад байна. Тиймээс эдгээр асуудлаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбаттай ярилцсан юм.
- “Анод” банк татан буугдах үед төвбанк өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргаж тус банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон. Анод банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар төвбанкнаас гаргасан мөнгийг эргүүлж өгөх ёсой байгаа. Үүний явц ямар байна?
- “Анод” банкинд компанийн засаглал ихээхэн доголдсонтой холбоотойгоор 2008 арванхоёрдугаар сард онцгой дэглэм тогтоосон. Тухайн үед мөрдөгдөж байсан Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд тус банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг олгох шаардлага тулгарч байлаа. Тиймээс ч, төвбанк тэр үед өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргаж, “Анод” банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон юм. “Анод” банкны чанаргүй зээлийг барагдуулах замаа төвбанкнаас гаргасан энэ мөнгийг эргүүлэн авах ёстой. Манай эрх хүлээн авагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийхэнтэй хамтран “Анод” банкны чанаргүй зээлийг барагдуулаад явж байна. Үүний үр дүнд, төвбанкнаас гаргасан мөнгөний тал хувийг эргүүлэн авсан.
- Төвбанкнаас гаргасан мөнгөний тал хувийг эргүүлж авсан гэхээр, цаана нь 70 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа юм байна. Үүнийг төлүүлөх боломж, бололцоо хэр байгаа вэ?
-“Анод” банк анх 260 тэрбум төгрөгийн зээл болон авлагатай байсан. Үүний 120 тэрбум төгрөгийг нь манай эрх хүлээн авагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийхэнтэй хамтран барагдуулаад байна. Энэ мөнгөний 70 тэрбумыг нь төвбанкинд өгсөн. Өөрөөр хэлбэл, “Анод” банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох үүднээс төвбанкнаас гаргасан 140 тэрбум төгрөгийн 70 тэрбумыг нь буцаан авсан гэсэн үг. Үлдэх мөнгөө “Анод” банкны чанаргүй зээлийг барагдуулж байж эргүүлэн авах ёстой. Одоогийн байдлаар “Анод” банкинд 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон авлага байгаа. Үүнийг барагдуулахад хүндрэл гарч байгаа. Тухайлбал, “Анод” банк барьцаагүй зээл олгосон нь өр барагдуулалтыг удаашруулж байна. Мөн зээлдэгчид хаяган дээрээ байдаггүй нь чанаргүй зээл барагдуулах ажлыг хүндрүүлж байгаа. Мөн уул, уурхайн машин, тоног төхөөрөмжийн чанар муудаж, зарим барьцаа хөрөнгө үнэгүйдэж байна.
- Анод банкны үлдэх чанаргүй зээл болон авлагын тодорхой хувийг банкны хувь нийлүүлэгчид төлөх ёстой байгаа шүү дээ?
- “Анод” банкны гурван гол хувь нийлүүлэгчээс улсад учруулсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. “Анод” банкин дээр одоо үлдээд байгаа 140 тэрбум төгрөгийн авлагын 40 хувийг нь тэднээс авах ёстой байгаа. Одоогоор тэдний зүгээс ямар нэгэн хохирол барагдуулаагүй байна. Харин үлдэх 60 хувийг нь 700 орчим зээлдэгчдээс авах ёстой юм. Үүнд “Олон овоот” төсөлд олгосон зээл ч хамаарч байгаа. “Монгол газар” компанийн “Олон овоот”-ын төсөлд зориулж авсан зээлийг хожим “Жаст” групп төлөхөөр болсон шүү дээ. Энэ хүрээнд, “Анод” банкнаас “Олон овоот” төсөлд олгосон зээлийн 1 тэрбумыг нь Жаст групп өнгөрсөн хугацаанд барагдулсан. Одоо тус төсөлтэй холбоотой 15 гаруй тэрбум төгрөгийн зээл “Анод” банкин дээр байна.
- “Анод”- ын араас “Зоос” банк татан буугдсан байдаг шүү дээ. Тухайн үед “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн тулд, засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байлаа. “Зоос” банкны найдваргүй, чанаргүй зээлийг барагдуулах замаар засгийн газрыг бондын эргэн төлбөрийг мөн хийх ёстой байгаа. Энэ ажил хэдэн хувьтай явна?
- Энэ банк “Анод”-ын нэгэн адил зээл олголт дээр нь бас л тодорхой хэмжээний засаглалын алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг этгээдэд хэтэрхий их хэмжээний зээл олгосноос болж тус банк хүндэрсэн. Тиймээс Засгийн газар 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 348 тогтоолоороо, “Зоос” банкны суурийн дээр сангийн яамны мэдлийн “Төрийн” банк байгуулах шийдвэр гаргаж байлаа. Харин маргааш нь монголбанкны ерөнхийлөгчийн 650 –р тогтоол гарч, “Зоос” банкийг албан ёсоор татан буулгасан. Ингээд “Зоос” банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг “Төрийн” банк руу шилжүүлсэн. Дээр нь хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн үүднээс засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, “Төрийн” банкинд олгосон байдаг. “Зоос” банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар Засгийн газраас гаргасан бондын эргэн төлбөрийг хийж байна. Одоо 62 тэрбум төгрөгийн бондын төлбөрийн үлдэгдэл байна.
- “Зоос” банк “Анод”-ын нэгэн адил “Монгол газар” компанийн “Олон овоот” төсөлд зээл олгосон байдаг. Гэхдээ “Анод”-ыг бодвол их хэмжээний зээл олгосон байгаа.“Олон овоот”-ын төсөл бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор засгийн газрын бондын эргэн төлөлт удаашралтай байгаад байна уу?
- “Монгол газар” компанийн “Олон овоот” төсөлд олгосон зээл бол “Зоос” банкны хувьд 60 орчим тэрбум төгрөг байдаг. Хүүг нь нэмж тооцвол 80 орчим тэрбум төгрөг болох байх. Үүнийг барагдуулсан бол, засгийн газрын бондын эргэн төлбөрийг хийх бүрэн боломжтой байлаа. Гэвч төсөл цааш үргэлжлэх боломжгүй болсон гэдэг үндэслэлээр үйл ажиллагаа нь зогсчихсон байж байна. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хөрөнгийг нь битүүмжилсэн байгаа. Уг нь барьцаанд ашигт малтмалын нилээд хэдэн тусгай зөвшөөрөл бий л дээ. Тэрийг хэрхэн шийдвэрлэж, зээлийг нь төлүүлж хохирлоо барагдуулах вэ гэдэг асуудал ер нь жаахан явц муутай байна. Яагаад вэ гэхээр, ашиглалт хийгдэж байсан үйлдвэр зогсчихсон. Нөөцийн талаар эх сурвалжууд хоёр, гурван зөрүүтэй тоо хэлээд байдаг боллоо. Зарим нь 18-20 тонн алтны нөөцтэй гэдэг. Зарим нь 4 тонн алтны нөөцтэ гэж мэдэгддэг. Хэрэв үнэнэхээр 4 тоннын нөөцтэй бол, үүнийг авахын тулд их өндөр зардал гарах учраас цаашид ажиллахад хүндрэлтэй байх талтай. Ямар ч байсан одоогоор Засгийн газар ажлын хэсэг гаргаад “Олон овоот”-ын ордын нөөцийг дахин тогтоох тухай ярьж байгаа юм билээ.
-Хадгаламж банкийг өнгөрсөн оны долдугаар сард Төрийн банкинд нэгтэгсэн. “Хадгаламж” банк хүндэрсэн нь нөгөөх л “Олон овоот”-той холбоотой байгаа. Энэ банкны чанаргүй зээлийн яг хэдэн хувь нь “Олон овоот”-ийн төсөлд олгогдсон байдаг юм бол?
- Хадгаламж банкин дээр нийт 180 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байсан. Үүний 60 тэрбум нь “Олон овоот”-той холбоотой гэж ойлгож болно. Үлдэх 120 тэрбум төгрөгийн зээлийн дийлэнхийг “Жаст” групптэй холбоотой компаниудад олгосон байсан. Мөн “Монгол шуудан” болон “Хадгаламж” банкийг нийлүүлэхэд үүссэн авлага байгаа. Үүнээс болоод банк төлбөрийн чадварын эрсдэлд орсон. Тиймээс тус банкны сайн актив болон харилцах, хадгаламжийг Төрийн банк руу шилжүүлсэн.
-Тухайлбал ямар авлага гэж?
- “Монгол шуудан” болон “Хадгаламж” банкийг нэгтгэх үед50 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл байсан. Үүнийг гурван жилийн хугацаанд эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Эс бөгөөс банкны хувь нийлүүлэгч “Жаст” групп тэр хэмжээгээр хөрөнгө оруулах үүргийг монголбанкнаас авсан байдаг. Энэ амлалтынхаа хүрээнд чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг тодорхой хэмжээгээр хийсэн. Ер нь бол 50 орчим хувийг нь төлүүлсөн. Үлдсэн 50 хувийг нь чадаагүй. Үүнд зориулж “Жаст” групп нэмж хөрөнгө оруулах ёстой байсан ч, төвбанкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Дээр нь бусад чанаргүй зээлүүдтэй холбоотой эргэн төлөлт хийх, эсвэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлээд биелүүлж чадахгүй болж эхэлсэн л дээ.
- “Хадгаламж” банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг Төрийн банк руу шилжүүлсэн байдаг шүү дээ. Акив пассивын зөрүү 120 тэрбум төгрөгийг “Хадгаламжийн даатгалын корпораци” төвбанкнаас арван жилийн хугацаатай зээлж, Төрийн банк руу шилжүүлсэн гэгдэж байгаа?
-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сард гарсан. Энэ хуулийн дагуу 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийн хохирлыг нөхөн олгох ёстой. Тухайн үед тооцоо судалгаа хийгээд үзэхэд, 20 хүртэлх сая төгрөгийн нийт хадгаламж 426 тэрум төгрөгөөр хэмжигдэж байсан. Өөрөөр хэлбэл, банкийг татан буулгавал шууд гарч болох зардал 426 тэрбум төгрөг болох байсан гэсэн үг. Төрийн банк руу хадгаламж, харилцах, найдвартай зээлийг шилжүүлвэл, 120 тэрбум төгрөгийн актив пассивын зөрүү гарахаар байсан. Энэ зөрүүг санхүүжүүлээд явах хуулийн гарц байсан л даа тухайн үед. Тиймээс гарч болох зардлыг тооцоод, аль болох бага зардал гарах замыг бид сонгосон. Өөрөөр хэлбэл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Гэвч тухайн үед “Хадгаламжийн даатгалын корпораци” банкуудаас даатгалын шимтгэл, хураамж авч эхлээгүй байсан учраас нөхөн төлбөрт гаргах мөнгийг ямар нэг эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай тулгарсан. Тиймээс ч, Монголбанк системийн тогтвортой байдлыг хангах үүднээс тухайн үед Хадгаламжийн даатгалын корпорацид 10 жилийн хугацаатай 120 тэрбум төгрөг зээлсэн. Үүнийг тус корпоаци цааш нь “Төрийн” банкинд өгсөн юм.
- “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкуудын олон овоот төсөлд олгосон зээл, тэнийг хаалгаа барихад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгвэл энэ ордын тусгай зөвшөөрлүүд “Голомт” банкны барьцаанд давхар байдаг байх юм. Ингэхдээ, 20 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх мэдээлэл байна. Энэ нь “Голомт” банкийг ямар нэг асуудалд оруулах вий?
- Ер нь “Олон овоот”-ийн төсөлтэй холбоотой хамгийн том зээлүүд “Зоос” болон “Хадгаламж” банкин дээр байгаа. Би түрүүн дурдсан. Олон овоотын төсөлд зориулж “Зоос” банк 60 орчим тэрбум, “Хадгаламж” банкин мөн 60 тэрбум төгрөгийн зээл гаргасан гэж. Харин “Анод” болон “Голомт” банкин дээр арай бага хэмжээний зээлүүд бий. Тухайлбал, “Анод” банкин дээр 16 тэрбум төгрөгийн зээл байгааг би түрүүн дурдсан. Хэдийгээр эдгээр банкуудаас ийм хэмжээний зээл авсан ч, барьцаа нь хангалтгүй байсан. Ер нь бол аль ч банкны барьцаанд олон овоотын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд анх байгаагүй. Тиймээс Монголбанкнаас арга хэмжээ авч, дээрх гурван банкны дундын барьцаанд олон овоотын тусгай зөвшөөрлүүдийг эргүүлэн авсан юм. Өөрөөр хэлбэл, бүх тусгай зөвшөөрлүүдийг дээрх банкуудын дундын барьцаанд оруулж бүртгүүлсэн юм. Мөн “Голомт” банкны барьцаанд давхар оруулсан. Өөрөөр хэлбэл, олон овоотын тусгай зөвшөөрлүүд өнөөдөр “Анод”, “Зоос”, “Хадгаламж”, “Голомт” банкны дундын барьцаанд байгаа. “Голомт” банкны системийн 21 хувийг эзэлдэг буюу 3.7 их наяд төгрөгийн активтай том банк. “Олон овоот”-ын төсөлд олгосон зээлээс болж “Голомт” банкинд бодитоор учрах эрсдэл бол бага гэдгийг баттай хэлье.
- Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Голомт” банк хүндэрчихлээ. Хэзээ мөдгүй дампуурах нь гэсэн мэдээлэл гараад байна. Энэ нь хэр үндэслэлтэй мэдээлэл вэ. Та Монголбанкны Хяналт шалгалтын албаны даргын хувьд үүнд ямар тайлбар өгөх үү?
- 2013 оны тавдугаар сард “Голомт” банктай холбоотой мэдээлэл анх цацагдсан л даа. Тухайн үед “Бодь интернэшнл” компанийн хувь нийлүүлэгчдийн дунд, өмчөө хэрхэн хуваах вэ гэдэг маргаан гарсан юм шиг байгаа юм. “Голомт” банкны 85 хувийг “Бодь интернэшнл” эзэмшдэг. Тэр ч утгаараа, Бодийн хувь нийлүүлэгчдийн маргаанаас болж “Голомт” хүндэрсэн гэх мэдээлэл цацагдсан гэж ойлгож байгаа. Монголбанк сар бүр банкуудад хяналт тавьж, жилд хоёроос гурван удаа газар дээр нь очиж шалгалт хийдэг. Төвбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна уу, үгүй юу гэдгийг нягталдаг. Манайхаас нөлөө бүхий томоохон банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцаа 14 хувь байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Голомт банкны тухайд, 2013 оны жилийн эцсийн байдлаар өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь үүнээс 1.9 хувиар өндөр буюу 15.9 хувь байсан. Системийн дундаж үзүүлэлт 15.93 хувь байгаа. Тэгэхээр өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь системийн дундаж хэмжээнд байна гэж ойлгож болно. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой гэсэн шалгуурыг манайхаас мөн тавьдаг.
Голомтын түргэн гүйцэтгэх чадвар нь 44 хувь байгаа. Банкны системийн хувьд нийт зээлийн 2.51 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа. Голомт банкны хувьд тухайд бол, чанаргүй зээл 3 хувьтай байгаа. Чанаргүй зээлийн хувийн жин 5 хувиас хэтрээгүй тохиолдод хэвийн гэж үздэг. Тэгээд ч банкууд чанаргүй зээлийг нөхөх эрсдэлийг сантай байдаг учраас 3 хувь бол асуудалгүй. Эдгээрээс дүгнээд хэлэхэд, тус банк санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгаа. “Голомт”-ын томоохон хувьцаа эзэмшигч болох “Бодь интернэшнл” компанийн хувь нийлүлэгчдийн маргаанаас болж л “Голомт” хэцүүдлээ гэх яриа тараад байгаа юм болов уу гэж бодож байна.
- Голомт банкны хувь нийлүүлэгчид хөрөнгөө татлаа гэсэн яриа бас гарах болсон шүү дээ. Энэ банкны дүрмийн сангийн тухайд?
-“Голомт” банкны 85 хувийг “Бодь интэрнэшнл” компани, 10 хувийг нь Щвейцарын “Свисс-МО Инвестмент”хөрөнгө оруулалтын сан, 5 хувийг нь Голландын “Трафигура Бэхээр Би.Ви” хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг. “Голомт” банк ажилчиддаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг 2011 онд баталсан байдаг. Энэ хүрээнд тус банкны ажилчид тус банкны 0.5 хувийг эзэмшиж байна. Ер нь банкны хувьцаагаа бусдад шилжүүлэх тохиолдолд төвбанкинд урьдчилж мэдэгдэх ёстой. Хэлцэл хийгдэхээс өмнө монголбанкинд мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалт бий. Манайд “Голомт” банкны хувь нийлүүлэгчид болох “Бодь интэрнэшнл”, “Свисс-МО Инвестмент” “Трафигура Бэхээр Би.Ви” компаниудаас, мөн тус банкны ажилчид дундаас хувьцаагаа заръя гэсэн хүсэлт ирээгүй. Монголбанкнаас тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээ 16 тэрбум төгрөг байгаа. Голомт банкны хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сан нь 42 тэрбум төгрөг байгаа. Харин өөрийн хөрөнгө нь 315 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
- “Кредит Суис” болон “Абу Даби”-гийн сан “Голомт” банкинд хэзээ зээл буюу хоёрдогч өглөг байршуулсан ч, үүнийгээ татна гэсэн мэдээлэл давхар гараад байгаа?
-“Кредит суис” өмнө нь 10 сая долларын хоёрдогч өглөг “Голомт” банкинд байршуулсан байсан. Үүний хугацаа дуусмагц, 2012 онд хоёрдогч өглөгийн төлбөрийг “Кредит Суис”-т буцааж өгсөн юм билээ. Мэдээж хүний мөнгө авч ашигласан юм чинь, “Голомт” банк хүүг нь төлсөн байх. Блүүмберг дээр гарсан мэдээлэлд, “Кредит суис” мөнгөө аваагүй юм шиг. Дээр нь 90 сая долларын асуудал байна гэж бичсэн байсан. Ер нь энэ банкин дээр 90 сая долларын асуулал ерөөсөө байхгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна. “Абу Даби”-гийн сангийн хувьд “Голомт” банкинд 25 сая долларын зээл буюу хоёрдогч өглөгийг таван жилийн хугацаатай байршуулсан байгаа. Хугацаа нь 2015 оны арванхоёрдугаар сард дуусах ёстой ч, Абу Дабигийн сан хугацаанаас нь өмнө мөнгөө авах сонирхолтой байгаа юм билээ. Гол шалтгаан нь нөгөөх л хувь нийлүүлэгчдийн маргаантай холбоотойгоор “Голомт” хугацаанд нь амжиж санхүүгийн тайландаа аудит хийлгээгүй юм билээ. Зарим нь үүгээр хийлгэнэ гэхэд, зарим нь тэрүүгээр хийлгэнэ гээд санхүүгийн тайландаа аудит хийлгэж чадалгүй жаахан хугацаа алдсан гээд байгаа. Тиймээс л, Абу Дабигийн сан зээлийн хугацаа дуусахаас өмнө мөнгөө авна гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн.
- Абу дабигийн сан “Голомт”-оос мөнгөө нэхэж байна гэсэн энэ мэдээлэл, тус банкны хадгаламж эзэмшигчдийг мөнгөө татахад хүргэх вий дээ?
- “Блүүмерг” болон “Ройтерс” агентлаг “Абу Даби” болон “Кредит Суис”-ийн талаарх мэдээлэл гаргасны дагуу өдөр бүр “Голомт” банкны эх үүсвэр дээр ямар хөдөлгөөн гарч байна уу гэдгийг анхааралтай ажиглаж байна. Ямар нэг өөрчлөлтгүй, хэвийн байна. Харилцах болон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаагүй.
- Ярилцсанд баярлалаа.
Д.Ганбат: "Олон овоот"-ын төсөлд олгосон зээлээс болж “Голомт” хүндрэхгүй гэдгийг баттай хэлье | ||
Үзсэн: 6945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.