
Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан.
Газар нутгийн хэмжээ - 80,311 км².
Засаг захиргааны төв - Чингис хот.
Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 17 сум нэгжтэй. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий. Эдгээрээс та бүхэнд танилцуулж байна.
БУРХАН ХАЛДУН
Өмнөдэлгэр сумын нутаг дахь ой хөвчит энэ уулын нэр нь анх цайзат бэхлэлт гэсэн утгыг илэрхийлж байснаа XII зууны үед тахилгын газар гэсэн утга санаатай болжээ. Харин XVII зууны үед Монголын түүхчид бурхан гэдэг үгтэй холбон тайлбарласнаас эл үгийн анхын утга мартагдсан байна. Тэмүүжин багадаа хэдэнтээ Гурван мэргэд мэт дайснууддаа мөшгөгдөн дутааж байх үедээ Бурхан Халдун ууланд бүгэн амь гарч байжээ.
Тэрээр нэгэнтээ уулнаас бууж ирснийхээ дараа,
Бурхан Халдуныг өглөө бүр тахья
Өдөр бүр мөргөе Ургийн урагт мэдтүгэй . . . гэж бүсээ хүзүүндээ тохож, сөгдөн есөнтөө мөргөж байсан нь энэ уулыг хичнээн их шүтэж байсны илрэл буй за.
Бөө мөргөлийн сүсэг бишрэлтэй түүний бодлоор тэр уул зөвхөн сүрлэг том хад хясаа, намаг шавар, ой хөвч ихтэйдээ амийг минь аварлаа гэх бус харин түүнд онгон сахиус оршдог хэмээн тахиж байсан байна. Тиймээс эдүгээ Бурхан Халдуны овоо нь оройдоо бус бэлд нь байдаг.
Хэрлэнгийн хөдөө арал
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус / Сэнгүр горхи / - оор хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг.
Энэ нутгийн ихэнх нь Дэлгэрхаан сумын нутагт байгаа бөгөөд 1962, 1998 онд Улсын нөөц газар болгожээ. Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдэж дууссан учир 750 жилийн ойгоор Чингисийн номын гэрэлт хөшөөг босгосон.
Хэрлэнгийн Хөдөө арал бол монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, монголын анхны нийслэл, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байсан юм.
Энд одоо улс аймаг, орон нутгийн хамгаалалтанд албан ёсоор орсон 10 гаруй дурсгалт газар бий.
Дуурлиг нарсны Хүннүгийн булш
Баян-Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа үүдэвчтэй дунджаар 20-30 м, голчтой бөгөөд зарим нь 40:40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг.
Дэлүүн болдог
Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь “ Гурван нуур “ рашаан сувиллын орчимд байдаг . Монголын нэгдсэн улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн нутаг.
Одоо бидний Дэлүүн болдог хэмээн үзэж байгаа газарт нууур ус байгаагүй гэнэ. Харин одоо байгаа гурван нуурын дундахь нь Есүхэй баатрынх гэрийн буурь байсан Болдог толгой ажээ.
Өүлэн хатан ууган хүүгээ энд төрүүлсэн гэнэ. Тэр хүү нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, бадриун биетэй агаад баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Монголчууд нярайлсан эхэд хонины махаар шөл уулгаж тэнхрүүлдэг заншилтай боловч энэ удаа тэгж болохгүй байв.
Сая төрсөн хүү нэгэнт гартаа нөж атгасан, бас морин жил, морин цагт мэндэлсэн тул яавч жирийн хүн биш нь тодорхой. Тэгээд Есүхэй баатар “ баатар хүү төрлөө” хэмээн их бэлэгшээж баярлаад тэмдэггүй шаргагч гүү гарган Өүлэн хатандаа шөл уулгажээ. Тэр гүүнийхээ дэлүүг газарт булж тайсан байна. Түүнээс хойш тэр газар нь Дэлүү булдаг буюу сунжирсаар Дэлүүн болдог нэртэй болсон юмсанжээ.
Хар зүрхний хөх нуур
Энд 1189 онд Чингис хаан Хамаг монголын хаанаар өргөмжлөгдсөн. Тийм ч учраас Хар зүрхний Хөх нуурын урд эрэг дээрх 15 орчим метр диаметртэй гэрийн буурь мэт хэлбэртэй чулууг Чингис хааныг хаанд өргөмжлөгдөхөд нь барьж өгсөн ордны буурь байж магадгүй хэмээн таамагладаг.
Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойд талд орших Хар зүрх уулын энгэр дэх холбоотой том жижиг хоёр нуур бөгөөд Цэнхэрийн голын саваас Цагаандаваа хэмээх ойд модтой намхан даваагаар 4 км зайтайгаар тусгаарлагдан оршдог. Хар зүрх уул нь араараа модтой, зүрхэн хэлбэрийн шовх уул юм. Хар зүрхний Хөх нуурын орчим нь шинэс, хус, улиасан ойтой, бургас, бут, бөөрөг бүхий ус намаг ихтэй, ой тайгын бүсийн төрх байдалтай газар юм.
МОНГОЛ ОРНООР: Хэнтий аймаг | ||
Үзсэн: 5564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.