Шууд Chart

“Данске Банк”-ийн гүйцэтгэх захирлыг мөнгө угаасан хэргээр шалгаж эхэллээ

2019-05-08 15:14:11

Данийн прокурорын газраас “Данске Банк”-ийн гүйцэтгэх захирал асан Томас Боргеныг мөнгө угаасан асуудлаарх дэлхийн хамгийн том дуулианд холбогдуулан шалгаж эхэллээ. Энэ талаар Боргены өмгөөлөгчийн хэлснээс эш татан “Борсен” сонинд мэдээлсэн байна. Боргеныг хэд хэдэн эргэлзээтэй гэрээг зогсоож чадаагүй гэж буруутгасан тухай “Файнэншл Таймс”-т баталсан байна.

Өнгөрөгч гуравдугаар сарын 12-нд Боргены гэрт нэгжлэг хийсэн байна. Түүнийг “Данске Банк”-ийг 2007-2015 оны үед Эстон дахь банкны салбараараа дамжуулан 200 тэрбум орчим евро угаасан хэргээр шалгаж байгаа юм. Энэ сэжигтэй шилжүүлгийг Орос болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсаас хийсэн гэнэ.

Данийн улсын прокурор өнгөрсөн 11 дүгээр сард тус банкийг Эстоны салбараараа дамжуулан Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж буруутгасан юм. Тухайн үед прокурор энэ хэргээр хувь хүн буруутай эсэхийг сүүлд тогтооно гэж мэдэгдэж байлаа. Өнгөрөгч есдүгээр сард мөрдлөг шалгалтын явцад сэжигтэй томоохон төлбөрүүд илрэх үед Борген огцорсон юм.

2014 онд Эстоны санхүүгийн хяналт шалгалтаас энэ банкийг “эрсдэлийн хяналтын үйл явцыг системтэйгээр зөрчиж байгаа” болохыг тогтоосон байна. Тус салбар хэний мөнгө дансаар нь орж ирж байгаа, ямар гарал үүсэлтэй болох талаар мэддэггүй байжээ. Үүнээс хойш “Данске банк”-нд хоёр жилийн турш шалгалт явуулсны эцэст Эстон дахь салбарын сэжигтэй данснуудыг хааж, 2015 онд оршин суугч бус байгууллагуудын бүх дансыг хаажээ.

2017 оны 3 дугаар сард дэлхийн олон орны сэтгүүлчдийг нэгтгэсэн “Өү-Си-Си-Ар-Пи” Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төвөөс мөнгө угаах схемийг шинээр гаргаж ирсэн нь “Молдав схем” нэртэй болсон юм. Энэ мэдээллээс үзэхэд Молдавын шүүгчдийн тусламжтайгаар 2011-2014 онд Оросоос 22 тэрбум орчим доллар гаргажээ. Харин өнгөрсөн оны 02 дугаар сард Данийн “Берлингске” сонин, Британийн “Гвардиан” хэвлэлээс “Данске Банк”-ны Эстон дахь салбар “Владимир Путины төрөл төрөгсөд” болон Холбооны аюулгүйн албатай холбоотой этгээдүүдийн мөнгийг угааж байж болзошгүй гэж мэдээлжээ.

Тухайн үед Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга “Энэ бол Кремльтэй холбоотой асуудал биш” гээд энэ талаар юу ч мэдэхгүй гэж мэдэгдэж байлаа.

Өнгөрөгч 9 дүгээр сард “Файнэншл Таймс” сонин “Данске Банк”-ны Эстон дахь төлөөлөгчийн газраар дамжуулан Орос болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсаас нэг жилийн дотор 30 тэрбум доллар угаасан тухай бичжээ. “Нэг жижигхэн салбараас ийм их мөнгө гарч ирнэ гэдэг ой ухаанд багтамгүй юм” гэж сонины эх сурвалж тухайн үед мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

“Данске Банк”-ийн гүйцэтгэх захирлыг мөнгө угаасан хэргээр шалгаж эхэллээ  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй