Шууд Chart

СУ-25 загварын 6 дайрагч онгоц тэнгэрт Оросын далбааг "зурна"

2019-05-09 15:03:00

Улаан талбайд цэргийн парад эхэллээ   

Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ойд зориулсан цэргийн парад Улаан талбайд яг одоо эхэлж байна. Уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч, Дээд ерөнхий командлагч Владимир Путин, Засгийн газрын гишүүд, парламент, Ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдлагууд Улаан талбайд болох парадыг үзэж сонирхохоор хүрэлцэн иржээ. Энэ удаагийн ёслолын парадад 13 мянга гаруй цэрэг дайчин, 130 гаруй нэгж техник, 74 онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна.

Парадыг Хуурай замын дайчдын ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков командалж, Оросын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу хүлээн авч байна. Тэд Автомашин, автомоторын шинжлэх ухаан судалгааны төв хүрээлэн буюу “НАМИ” Холбооны улсын нэгдсэн үйлдвэрийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн “Аурус” кабриолетээр парадын жагсаалыг тойрох юм байна. Ингээд явган цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилсний дараа Батлан хамгаалахын тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчид очиж, парад бэлэн болсныг зарлана.

ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагчийг үг хэлсний дараа парадын явган цэргийн 35 бие бүрэлдэхүүн Улаан талбайн шигтгэмэл замаар ёслолын марш хийж өнгөрнө. Энэ жилийн тухайд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Кикотийн нэрэмжит Москвагийн их сургуулийн батальон, ЗХУ-ын маршал Жуковын нэрэмжит Агаар-сансрын хамгаалалын Цэргийн академийн эмэгтэй алба хаагчид, мөн Александр Невскийн нэрэмжит ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны кадетын корпусын бие бүрэлдэхүүн Улаан талбайн ёслолын парадад анх удаа оролцож байгаа юм.

Түүнчлэн үзэгчид, парадын зочид анх удаа АК-12 цоо шинэ автомат бууг энэ үеэр харах боломжтой. Энэ бууг Рязаны Агаарын десантын командлалын дээд сургуулийн сонсогчид, мөн Шүхэр-десантын 131-р хороо, Мото буудлагын 2-р дивизийн байлдагчид барьж явах юм.

Явган цэргийн бие бүрэлдэхүүн явж өнгөрсний дараа цэргийн оркестр механик цуваа дайрч өнгөрөх газрыг чөлөөлнө. Энэ жил Улаан талбай дээр домогт Т-34-85 танк анх удаа явах юм байна. Энэ танкны араас “Тигр” хуягт автоамшин, “Тайфун” хамгаалагдсан автомашин, БТР-82А, БТР-МДМ хуягласан тээвэрлэгчид, явган цэргийн байлдааны машин БМП-3, десантын байлдааны машин БМД-4М, мөн Т-72Б3 танкнууд явж өнгөрнө.

Түүнчлэн Т-14-ийн дайны дараах дөрөв дэх үеийн загвар болох “Армата” танк, С-400 зенитийн пуужингийн системийг хөдөлгөх төхөөрөмж, “Ярс” пуужингийн цогцолбор, “Терминатор” танк дэмжигч байлдааны машин болон бусад техникийг үзүүлэхээр төлөвлөжээ. Хамгийн сүүлд “Бумеранг” К-16 хуягласан тээврийн хэрэгслүүдээр механик цуваа өндөрлөнө.

Өнөөдөр Москвад цаг агаар тааламжтай байгаа учраас Улаан талбай дээгүүр агаарын техник ч нисэхээр төлөвлөж байна. Агаарын үзүүлбэрийг Ми-26 хэмээх дэлхийн хамгийн том тээврийн роторт агаарын хөлөгт машин тэргүүтэй Ми-8 нисдэг тэргүүд нээнэ. Үүний дараа “Ночные охотники” Ми-28Н, “Аллигаторы” Ка-52, Ми-24 нисдэг тэрэг нисэх юм байна.

Агаарын энэ хэсэгт алсын радио локацийн илрүүлэлт, удирдлагыг илүү сайжруулсан А-50У онгоц, цэргийн тээврийн Ил-76МД, стратегийн пуужин зөөгч Ту-160, дөрвөн Ту-22М3, гурван Ту-95МС онгоц ниснэ. Түүнчлэн Астраханийн Агаар-сансрын хүчний агаарын төвийн МиГ-29СМТ сайжруулсан сөнөөгч онгоц ч нисэхээр төлөвлөгджээ. Эдгээрийн араас Су-24СМ, МиГ-31БМ, Су-34 экипаж ниснэ.

Үзэгчид мөн “тактикийн далавч”, алдарт “кубын бриллиант”-ын нислэгийг үзэх боломжтой. Үүний дараа Москвагийн дээгүүр Су-25 загварын зургаан дайрагч онгоц тэнгэрт Оросын далбааны өнгийг үүсгэн нисэх юм байна.

Энэ жилийн тухайд МиГ-31К сөнөөгч онгоц, зэвсэглэсэн хэт авианы “Кинжал” загварын пуужин, Су-57 тавдугаар үеийн сөнөөгч онгоц парадад оролцохгүй.

Цаг агаарын тухайд өнөөдөр Москвад бороотой, салхи 13-18 метр секунд, 21-23 хэм дулаан байна.

ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин Улаан талбайд ёслолын парад хийхээр шийджээ 

Ялалтын баярын ёслолын парадтай холбоотой бяцхан түүх хүргэе. 1945 оны тавдугаар сарын дундуур буюу Ялалтын баярын дараахан ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин Улаан талбайд ёслолын парад хийхээр шийджээ. Энэ тухайгаа тэрээр Кремльд фронтын командлагчид, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүд, ажилчдын төлөөлөл болон тариачид гээд мянга гаруй хүн оролцсон баярын үдийн зоогийн үеэр дуулгасан байна. Ингээд бэлтгэл ажилдаа орж, Ялалтын баярын парад Улаан талбайд зургаадугаар сарын 24-ний 10 цагт эхэлсэн байна.

Зөвлөлт засгийн үед Ялалтын парадыг тэгш ойтой жилүүдэд буюу 1965, 1985, 1990 онд л зохион байгуулж байжээ. Харин 1995 оноос хойш жил бүр Улаан талбайдаа зохион байгуулдаг болсон юм.

“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал болж байна

Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Оросын олон хотод “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал болж байна. Аугаа эх орны дайнд оролцсон, амь эрсэдсэн төрөл төрөгсдийнхөө алдар нэрийг мөнхжүүлэх зорилготой энэ арга хэмжээ жил бүрийн тавдугаар сарын 9 болон ойролцоо өдрүүдэд дэлхий дахинаа зохион байгуулагддаг юм. Үүнээс гадна оролцогчид төрөл төрөгсдийнхөө гэрэл зураг, товч намтрыг “Ардын бичиг” төслийн албан ёсны сайтад байршуулдаг. Анх энэ арга хэмжээ Оросын зарим хотод 1960-аад оноос өөр өөр нэртэйгээр зохион байгуулагдаж байсан.

Харин “Үхэшгүй мөнхийн хороо” нэртэй, өнөө цагийн хэлбэртэй арга хэмжээг хамгийн анх 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр Томск хотноо зохион байгуулжээ.

Энэ жилийн тухайд Москвад болох “Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээнд Дэлхийн хоёрдугаар дайны фронтод дайтаж явсан төрөл төрөгсдийнхөө зургийг барьсан сая орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. Тэд Улаанбаатарын цагаар 20 цагийн үед “Динамо” метроны станцаас Улаан талбай хүртэл жагсана. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ жилийн арга хэмжээнд оролцох магадлал өндөр гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилүүдэд тэрбээр Улаан талбай дээр энэ жагсаалд нэгдэн орж байжээ.

Энэ жил “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал дэлхийн 110 улсын 500 гаруй хотод болно. Хонконг, мөн Копенгаген, Женев, Ром, Стамбул, Лиссабон, Нью-Йорк, Манчестер, Торонто, Израилийн таван хот, түүнчлэн Улаанбаатарт энэ жагсаал болсон юм. мөн Хятадын Гуанжоу мужид Кантоны бослогын баатруудын цэцэрлэгт хүрээлэнд 100 орчим хүн “Үхэшгүй мөнхий хороо” үйл ажиллагаанд оролцсон талаар ТАСС агентлаг мэдээлж байна.

Мурманскт анх удаа агаарын парад хийнэ

Оросын бусад мужид Ялалтын баяртай холбогдуулан Ялалтын вальс, “Дурсгалын лаа”, “Цэргүүдийн үдлэлт”, “Фронтын кинотеатр”, түүнчлэн Амар мөрний хүйтэн усанд шумбах зэрэг үйл ажиллагаа болж байна.

Екатеринбургт л гэхэд Ялалтын парадад “Шөнийн хутга” мото клубын байкерууд оролцож байгаа бол Мурманскт түүхэндээ анх удаа агаарын парад хийх гэж байна.

Санкт-Петебург хотод “РиоРита-Ялалтын баяр баясгалан” нэртэй 1945 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хотын уур амьсгалыг дахин санагдуулам арт төсөл хэрэгжиж байна. Улаанбаатарын цагаар үдшийн 23 цагт болох энэ наадамд 15 мянга гаруй зочин оролцох төлөвтэй байна. Баярын үйл ажиллагааны үеэр цэргийн оркестрын хөгжимчид 1945 оны дуу хөгжим тоглож, вальс, танго эргэж, 74 жилийн өмнөх амьдралыг Петербургийн гудамжинд эргүүлэн авчрахаар төлөвлөжээ. Түүнчлэн наадмын үеэр тухайн цаг үеийн хотын иргэдийн идэх дуртай хатаасан талх, алимны шанзтай шарсан пирожки, өрмөнцөр аягатай зайрмаг зэргийг амтлах боломжтой гэжээ.

Тэгвэл Благовещенскт “Амар мөрний ялалтын миль-2019” усанд сэлэлтийн арга хэмжээ төлөвлөжээ. Энэ дагуу нэмэх 10 хэмийн температуртай усанд 1000 метр сэлэх юм байна.

Якутад Ялалтын талбай дээр хөллөгөөний болон албаны нохдын оролцсон парад болсон. Дайны жилүүдэд 60 мянга гаруй нохой армид алба хааж байсан гэдэг.

16 цэгээс баярын ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ 

Ялалтын баярыг тохиолдуулан Москвад 16 цэгээс баярын ёслолын буудлага хийхээр төлөвлөж байна. Поклонная уул, “Измайлово”, “Кузьминки” цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудаас 10 минутын турш ёслолын буудлага хийнэ. 50 гаруй төрлийн ёслолын буудлага ашиглаж, 10 мянган удаа буудахаар төлөвлөсөн байна.

Улаан талбайд болох Ялалтын баярын тоглолт Монголын цагаар оройн 19 цаг 40 минутад эхэлнэ. Энэ тоглолтод Монгол Улсаас Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх лицей сургуулийн “Бадмаараг” найрал дууны хамтлаг оролцох юм.

Аугаа их эх орны дайнд оролцсон 75.5 мянган хүн амьдарч байна

ОХУ-д өнөөдөр Аугаа их эх орны дайнд оролцсон 75.5 мянган хүн амьдарч байна гэж Оросын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байна. Оросын тэтгэврийн сангийн мэдээллээс үзэхэд, 2019 оны 04 дүгээр сарын байдлаар Ленинградын бүслэлтэд орж байсан 96.3 мянга гаруй хүн, фашизмын насанд хүрээгүй хоригдол байсан 103,7 мянга орчим хүн өдгөө аж төрж байна. Харин фашизмын насанд хүрсэн хоригдлоос өдгөө дөнгөж 144 нь л үлджээ.

ОХУ-д өнөөгийн байдлаар дайнд оролцогч, хөгжлийн бэрхшээлтэй болсон 240.4 мянга орчим хүний бэлэвсэн эхнэр, нөхөр нь аж төрж байна. Мөн арын албанд хөдөлмөрлөж байсан 762,6 мянган хүн тоологджээ.

Хөдөлмөрийн яамны мэдээллээс үзэхэд ахмад дайчид тэтгэвэр, сар бүр мөнгөн тэтгэмж, нэмэлт материаллыг хангамж гээд нийт 43.5 мянган рубль авдаг байна. Мөн Ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдад 10 мянган рубль нэмж олгодог юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

СУ-25 загварын 6 дайрагч онгоц тэнгэрт Оросын далбааг "зурна"   
Үзсэн: 2105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй