Шууд Chart

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

2019-05-16 16:31:44

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.16) нэгдсэн хуралдаан 10 цаг 16 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас өнгөрсөн сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнанхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүургийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасан.

Иймээс Төрийн албаны төв байгууллагын саналыг авч, Улсын Их Хурал  дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адилтгаж тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэнг цагдаагийн байгууллагын офицер, ахлагчийн албан тушаалын цалинтай адилтган тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.


Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй