
Мьянмарын зэвсэгт хүчин үндэсний цөөнхүүдийнхээ эсрэг өөр нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэж хүний эрхийн "Эмнести интернэшнл" байгууллага буруутгалаа.
Мьянмарын рохинжа иргэдийн нутагладаг байсан Ракхайн мужийн нэгэн зэвсэгт бүлгийн эсрэг ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэргүйгээр амь насанд нь халдсан, баривчилж, эрүүдэн шүүсэн гэж "Эмнести интернэшнл" лхагва гарагт гаргасан мэдэгдлээрээ Мьянмарын цэргийнхнийг буруутгасан байна.
"Аракан арми" гэдэг босогчдын энэ бүлэг нь буддын шашинтай аракан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан бүлэг юм байна. Аракан иргэд нь Мьянмарын үндэсний цөөнхүүдийн нэг юм байна. "Аракан арми"-ийн босогчдын эсрэг Мьянмарын Засгийн газраас заавар өгсний дагуу цэргийнхэн нь энэ онд шинэ ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна.
Энэ талаарх мэдээллээ "Эмнести интернэшнл" хавчлага шахалтад орсон нутгийн иргэдтэй ярилцаж, гэрэл зургууд болон дүрс бичлэг, сансрын хиймэл дагуулаас авсан зургууд зэргийг харьцуулан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гаргаж тавьсан байна. Мэдээлэлд энгийн номхон 14 хүний аминд хүрч, хамгийн багадаа 29 хүнийг бэртээсэн хууль бус долоон удаагийн халдлагыг баримтжуулжээ.
Гэвч Мьянмарын зэвсэгт хүчнийхэн олон улсын хүний эрхийн байгууллагын шүүмжлэлийг эсэргүүцэж террористуудын эсрэг хуулийн дагуу ажиллагаа явуулсан гэж няцааж байна. Гэхдээ цэргүүдийнх нь зэвсгийг булааж авахыг оролдсон учраас зэвсэггүй зургаан хоригдлын аминд хүрч хөнөөсөн гэдгээ өнгөрөгч дөрөвдүгээр сард Мьянмарын цэргүүд хүлээн зөвшөөрч байжээ.
Мьянмарын цэргийнхэн өмнө нь мөн ракхайн мужид нь нутаглаж байсан рохинжа мусулманчуудыг хоморголон эрхийг нь зөрчиж, хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгагдсан. Үүнээс нь болж тус мужийн үндэсний цөөнхүүдийн нэг лалын шашинтай 700 мянга гаруй рохинжа иргэн нутгаа орхин дүрвээд байгаа юм.
Харин сүүлд Мьянмарын төв Засгийн газрын цэргүүд болоод "Аракан арми"-ийнхны хооронд болсон мөргөлдөөний үеэр 30 мянга гаруй буддист шашинтай иргэн орон гэрээ орхиход хүрчээ.
Энд сануулахад, "Эмнести интернэшнл" хүний эрхийн байгууллагаас мөн "Аракан арми"-ийнхныг нутгийн энгийн номхон иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн хэрэг үйлдсэн гэж буруутгасан байна.
Мьянмарын зэвсэгт хүчнийг үндэсний цөөнхүүдийнхээ эсрэг өөр нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгав | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.