
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарыг хоёр Солонгосын хил, цэрэггүй бүсэд уулзсаныг сайшаалаа. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэнийг байгууллагын сайтад нийтэлсэн байна.
Мэдэгдэлд “Панмунжомд Умард Солонгос, Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчид уулзаж, БНАСАУ, АНУ яриа хэлэлцээрээ ажлын түвшинд сэргээхээр болсныг Ерөнхий нарийн бичгийн дарга сайшааж байна” гэж тэмдэглэжээ.
Энхийг тогтоох, Солонгосын хойгийн аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангижруулахын тулд талууд харилцаандаа хүчин чармайлт гаргаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэмжиж байна гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хийж буй айлчлалынхаа хүрээнд ням гарагт Умард Солонгостой хиллэдэг цэрэггүй бүсэд айлчилж, энэ улсын удирдагч Ким Жон Унтай уулзсан юм. Ийнхүү тэрбээр Умард Солонгосын хилийг давж үзсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч боллоо. АНУ, Умард Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалт нэг цаг орчим үргэлжилжээ.
Дональд Трампын цэрэггүй бүсэд хийсэн айлчлалын гол үр дүнд АНУ, Умард Солонгос улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар ойрын 2-3 долоо хоногт ажлын түвшний яриа хэлэлцээрээ сэргээхээр болсон явдал юм. АНУ-ын төлөөлөгчдийг Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бигэн тэргүүлнэ. Үүний зэрэгцээ Америкийн талаас Умард Солонгост тавьсан хоригоо одоогийн түвшинд цуцлахгүй гэж мэдэгдсэн байна.
Дональд Трамп, Ким Жон Ун нар уулзсаныг сайшаалаа | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.