
Их Британийн шинэ Ерөнхий сайд Борис Жонсоныг ажлаа авсны дараа Засгийн газрын сайд нарын тал хувь нь огцрох хүсэлт гаргажээ. Энэ дагуу Борис Жонсон шинэ томилгоонуудаа хийж эхэлсэн байна.
Тухайлбал, Сангийн сайдаар Сажид Жавидыг, Гадаад хэргийн сайдаар Доминик Раабыг, Дотоод хэргийн сайдаар Прити Пател нарыг томиллоо. Мөн тэрбээр Дотоод хэргийн яамны Аюулгүйн асуудал эрхэлсэн дэд сайд Бен Уоллесыг Батлан хамгаалахын сайдаар томилсон бол "Брексит"-ийн асуудал эрхэлсэн сайдын суудалд Стивен Барклийг хэвээр үлдээлээ.
Шинэ Ерөнхий сайд ирэх 10 дугаар сарын 31 гэхэд улсаа Европын холбооноос гаргана гэдгээ Их Британийн Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээн авсныхаа дараа мэдэгдсэн байна.
“Бид парламентаас ард түмнийхээ өмнө өгсөн нэг бус амлалтыг биелүүлж, 10 дугаар сарын 31 гэхэд “хэрвээ”, “гэхдээ” гэх ямар ч хэл, үггүйгээр Европын холбооноос гарах болно” гэж Ерөнхий сайдын өргөөнөөс мэдэгджээ.
Борис Жонсон энэ үеэрээ "Брексит"-ийн нөхцлөөр Брюссельтэй шинэ гэрээ байгуулах шаардлагатай гээд Европын удирдагчидтай хэлэлцээ хийх явцад улс орны ашиг сонирхолд илүүтэй нийцсэн шинэ гэрээ байгуулж чадна гэсэн байна. “Энэ асуудлыг бид 99 хоногийн дотор шийдвэрлэх болно. Британийн ард түмэн хүлээлтээс залхсан болохоор хийх, шийдвэрлэх, улс орноо итгэл төгс урагшлуулах, сайжруулах үе ирээд байна” гэж Борис Жонсон хэлжээ.
Борис Жонсон шинэ томилгоо хийж эхэлжээ | ||
Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.