
Швейцарын Байгаль орчны яамны мод судлалын мэргэжилтэн Виван Дубахтай ярилцлаа. Тэрбээр нэг жилийн өмнө “Мандах наран” нэртэй төрийн бус байгууллага байгуулжээ. Түүнчлэн Монголын өрх толгойлсон, амьдралын хүнд нөхцөлд байдаг ээжүүдэд зориулан “Гэр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн аж.
-Та бидэнд өөрийгөө танилцуулаач?
-Намайг Виванни Дубах гэдэг. 31 настай. Швейцарын Байгаль орчны яаманд мод судлалын мэргэжилтнээр ажилладаг. Мөн “Мандах наран” ТББ-ын тэргүүний албыг хашдаг. Монгол руу чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр сүүлийн хоёр жил Монголд ирсэн. Энэ хүрээнд сайн үйлсийн болоод хандивын ажил зохион байгуулдаг.
-Яагаад монгол ээжүүдийг сонгосон бэ. Төрийн бус байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Эхний асуултад хариулж би үнэхээр мэдэхгүй байна. Учир нь хүний амьдралд гэнэтийн олон тохиолдол байдаг. Би зүрх сэтгэлээрээ Монгол Улстай холбогдсон. Учир нь би 11 жилийн өмнө 20 настайдаа ганцаараа Монгол орноор аялж байсан.
Би амьдралынхаа 70 хувийг ажил мэргэжилдээ, харин үлдсэн чөлөөт цагаа төрийн бус байгууллагын ажилдаа зориулдаг. Тиймээс өөрийн сэтгэлийн дуудлагаараа, хандивын ажил хийж эхэлсэн.
-Энэ удаад Монголд ямар ажлаар ирсэн бэ?
-“Гэр” төслөө хэрэгжүүлэхээр ирлээ. Манай төсөл өрх толгойлсон, орлого багатай, орон гэргүй ээжүүдийг дэмждэг. Өнгөрсөн жил бид гурван гэр олгосон.
-Танай төсөлд хэчнээн ээж хамрагдах вэ?
-Одоогийн байдлаар бид судалгааг бүрэн бөглөсөн ээжүүдтэйгээ уулзаж байна. Ингэснээр ямар ээжид гэр олгохоо шийднэ. Энэ удаад бид таван ээжтэй уулзсан. Төслийн арга хэмжээ маань бидний Монголд байх хугацаанд хэрэгжих учраас цаг хугацаа их шахуу байна. Харин “Гэр” төслийн зорилтот бүлэгт гурван ээж сонгоход тэдний нэг нь Нармандах буюу манай төрийн бус байгууллагатай төстэй нэртэй байсан. Надад хувь зохиолоор ингэж холбогдоод байх шиг санагдсан.
-Танай төслийн зорилго нь өрх толгойлсон ээжүүдэд туслах гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Бид зорилтот бүлэгт хүрч ажиллахыг хүсч байна. Зорилго маань яг л бидний хайж буй тэр ээжүүдэд л туслах. Харин дараа нь тэр ээж бидний өгсөн гэрийг яаж хэрэглэх нь өөрийнх нь асуудал. Бид хяналт тавихгүй. Мөн төслийн хүрээнд амьдралд нь хэрэгтэй сургалт явуулна.
-Хэр удаан үргэлжлэх төсөл вэ?
-Төсөл хэдий хэрийн хугацаанд үргэлжлэх нь гагцхүү төсөлд хамрагдсан ээжүүдээс шалтгаална.
-Тэгвэл төслийн үр дүн юу вэ? Тэдэнд гэр өгөөд л энэ үйл ажиллагаа дуусах уу?
-Үүнд хариулахад хүнд байна. Энэ асуултад хариулахын тулд би өөрийнхөө талаар ярих хэрэгтэй байх. Товчхондоо дэлхий дээр хүн болж амьдарна гэдэг хамгийн сайхан зүйл. Намайг 11 жилийн өмнө ирэхэд Монгол Улс халуун дулаанаар угтаж авсан. Ингээд би том болоод нэг зүйл мэдэрсэн. Юу вэ гэвэл мөнгө цуглуулъя, хүмүүсийг аз жаргалтай болгоё гэж хатуу шийдсэн. Хамгийн эхэнд нэг гэр авах мөнгө цуглуулж эхэлсэн боловч тэр хугацаанд өрх толгойлсон олон эмэгтэйг баярлуулахаар шийдсэн гэж хэлж болно. Өнгөрсөн жил холбооныхоо эхний ажил болгож “Гэр” төслийг эхлүүлэхдээ өрх толгойлсон нэг ээжийг баярлуулъя гээд сайн дураараа бэлэг дурсгалын зүйл урлаж, хандиваа бүрдүүлж эхэлсэн. Улмаар гурван гэр авах мөнгөтэй болсон. Тэр хугацаанд өөрийн төсөөлж ч байгаагүй тийм сайхан зүйлийг мэдэрсэн. Тэр мэдрэмж зүрх сэтгэлийг минь улам их татсан. Хүнд нөхцөлд байгаа итгэл найдвараа алдсан ээжүүдэд манай “Гэр” төсөл ид шид шиг л байсан. Би ч өөрөө хүнд нөхцөлд амьдарч байсан. Ээж минь өрх толгойлсон эмэгтэй. Тиймээс өрх толгойлсон ээжүүдэд очдог тусламж, тэдэнд тавих анхаарал халамж бага санагдаад энэ үйл ажиллагааг эхлүүлсэн.
-Энэ жил хэдэн ээжид гэр бэлэглэх вэ?
-Одоогоор найман ээж гэж тооцоолсон. Хамгийн гол нь зөв хүнээ олно гэдэг чухал байдаг юм байна. Ер нь ээжүүдтэйгээ ойртож амьдралыг нь сонсож найзлахыг эрмэлздэг. Үүнээс гадна хог хаягдлыг дахин боловсруулах талаарх төслийн сургалт удахгүй хийнэ.
-Энэ талаараа тодруулаач?
-Нэг талаараа “Гэр” төслөөс урган гарсан ажил. Би өөрөө байгаль орчны мэргэжилтэн учраас хог хаягдлыг дахин боловсруулахгүй бол амьдрах орчин, эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг талаар амьдралд хэрэгтэй сургалт явуулж, хамрагдсан хүмүүст анхан шатны мэдэгдэхүүн олгоно. Энэ сургалтаар хог хаягдлын дахин боловсруулснаар хэрхэн санхүүгийн хувьд байнгын орлоготой болох талаар зааж зөвлөнө.
-Та бүхэн “Гэр” төслөө хэрэгжүүлэхийн тулд судалгаа хийсэн байх. Ер нь манай улсад өрх толгойлсон ээж хэр олон байдаг вэ?
-Миний уншиж судалснаар 220 мянга гаруй байсан. Гэвч мэдээллүүд харилцан адилгүй, зөрүүтэй тоо баримтууд ч байгаа. Бидний хувьд тоо баримт бус нөхцөл байдлыг илүү судалдаг. Бага чулуугаар их чулууг хөдөлгөнө гэдэг шиг гол нь төслийн үр дүн. Одоохондоо мэдэгдэхгүй байгаа ч гэлээ цаашдаа төсөл хэрхэн хүрээгээ тэлэхийг ээжүүдийн хүч чадал, оюун санааны хандлага мэднэ. Ер нь ээжүүд л төсөл цааш үргэлжлэх эсэхийг шийднэ. Бид ээжүүдийн сэтгэл зүйтэй ярилцдаг.
-Амьдралаа аваад явдаг өрх толгойлсон ээж олон бий. Тэд дор бүрнээ хүүхдүүдээ сургаж, зөв хүн болгох гэж зүтгэдэг?
-Тийм шүү. Ер нь бидний судалгаанд оролцсон ээжийн дийлэнх нь хоёр ба түүнээс дээш буюу 4-5 хүүхэдтэй группийн эсвэл хүүхдийн мөнгөөрөө амьдардаг. Жаахан боломжтой нь өөрийн чаддаг зүйлээрээ амьжиргааны мөнгөө олж үр хүүхдүүдээ тэжээдэг юм билээ.
-Төслийн санхүүжилтээ хаанаас бүрдүүлсэн бэ?
-Монголчууд нэг үеэ бодоход сайн дурын болон хүмүүнлэгийн ажлыг ойлгодог болжээ. Бид ирээд тав хонож байна. Төслийнхөө хүрээнд найман ээжтэй, хүүхдүүдийнх нь хамт Улаанбаатарын гадна байдаг амралтын газар руу зургаа хоног явахаар төлөвлөсөн. Харин санхүүгээ ойр дотны хүрээллээсээ хандив хэлбэрээр бүрдүүллээ. Бидний ажлыг дэмжсэн найзууддаа баярласнаа илэрхийлье.
Ашиг гэдэг зүйл миний хувьд буцаж ирэх мөнгө биш. Би энэ төслөө хэрэгжүүлснээр маш их зүйл суралцаж байгаа. Энэ бол ашиг. Би сайн сайхан зүйлс илүү олон байгаасай гэж итгэдэг. Энэ л миний дээрх төсөл, ажлыг хийж буй шалтгаан. Ялангуяа дарамтад орсон, амьдралд нь өөр олон эрсдэл тулгарсан ээжид үүнээс гарах арга зам байгааг зааж, зөвлөх нь хамгийн оновчтой алхам.
Виванни Дубах: Өрх толгойлсон, орон гэргүй ээжүүдийг дэмжих зорилгоор “Гэр” төсөл хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.