
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари ням гарагт “Боко Харам” радикал бүлэглэлээс халдлага үйлдэж, 65 хүний аминд хүрснийг эрс буруушааж, Агаарын цэргийн хүчин болон хуурай замын хүчиндээ цэргийн ажиллагаа явуулах зарлиг гаргалаа. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн юм.
“Боко Харам”-ын дайчид энэ сарын 27-нд Нигерийн зүүн хойд хэсгийн Борно мужийн засаг захиргааны төв Майдугури хотын ойролцоох нэгэн тосгонд болж байсан оршуулгын ёслолын ажиллагаанд оролцогчид руу халджээ. Мотоцикл унасан дайчид хүмүүс рүү гал нээсэн байна. Энэ халдлагын үеэр 65 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан гэж орон нутгийн гүйцэтгэх захиргааны тэргүүн Мухаммед Булама мэдээлсэн байна.
Энэ үеэр “Боко Харам”-ын дайчид тосгоны хэд хэдэн байшинг шатаасан гэж зарим хэвлэлд мэдээлжээ. “Боко Харам” нь Нигерийн зүүн хойд, хойд хэсэгт үйл ажиллагаа явуулж, хөрш Нигер, Камерун, Чад зэрэг улсад халдлага үйлддэг бүлэглэл юм. Энэ бүлэглэлийн дайчид Чад нуурын сав газрын орнуудад 2009 оноос хойш 27 мянга гаруй хүнийг хороож, 2.6 сая орчим хүнийг дүрвэхэд хүргэжээ. Мөргөлдөөний бүсэд 11 сая гаруй нигери иргэн хүмүүнлэгийн тусламж авч чадалгүй аж төрж байна.
“Боко Харам” бүлэглэл 2015 оны гуравдугаар сараас хойш “Исламын улс” алан хядах бүлэглэлд үнэнч гэдгээ баталсан билээ.
Нигерийн Ерөнхийлөгч цэргийн ажиллагаа явуулах зарлиг гаргажээ | ||
Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.