
АНУ, Канадын санхүүгийн корпорацийг чиглэсэн халдлагын үеэр 100 гаруй сая хүний хувийн мэдээлэл задарчээ. АНУ-ын “Capital One” санхүүгийн корпорациас даваа гарагт мэдээлснээр халдлагад өртөж нэр, хаяг, утасны дугаар, зээлийн үнэлгээ зэрэг Америкийн 100 гаруй сая хүний, Канадын 6 сая хүний хувийн мэдээлэл алдагдсан байна.
Санхүүгийн энэ корпораци цахим халдлагыг энэ сарын 19-ний өдөр тогтоосны дагуу Холбооны мөрдөх товчоо сэжигтнийг саатуулаад байгаа юм. Хэвлэлүүдэд хакерийг даваа гарагт баривчилсан гэж мэдээлсэн.
Халдлагын улмаас хэрэглэгчид анхааруулга өгөх, зээлийн хяналт шинжилгээ хийх, хууль зүйн тусламж үзүүлэх гээд 2019 ондоо 100-150 сая долларын зардал гарах төлөвтэй байна гэж корпораци мэдэгдэж байна.
Энэ мэдээллээр цахим халдлага үйлдэгч нь хэрэглэгчийн кредит буюу зээлийн картын дугаарыг олж авах боломжгүй байсан ч, 140 мянга орчим хүний нийгмийн халамж хангамжийн дугаар, 80 мянган хүний банкин дахь дансны дугаар, мөн Америкийн санхүүгийн корпорацид бүртгэлтэй Канадын зээлийн карт эзэмшигчдийн 1 сая орчим нийгмийн даатгалын дугаар алдагдсан байна. Мөн сэжигтэн хэрэглэгчдийн нэр, төрсөн он, сар, өдрөөс гадна, зээлийн үнэлгээ, хязгаар, зээл төлсөн түүх, холбоо барих мэдээлэл зэргийг олж авчээ.
“Хакерийн хувьд санхүүгийн корпорацийн дэд бүтэц сүлжээний тохиргоонд халдах боломжтой байсан. Энэ талаар хөндлөнгийн мэдээлэгч бидэнд анхааруулсан” гэж “Capital One” мэдээлсэн байна. Мөн энэ компанийн мэдээлж байгаагаар хүмүүсийн хувийн мэдээллүүдийг залилангийн зорилгоор ашигласан байх магадлал бага хэдий ч мэдээлэл алдагдсан энэ хэргийг үргэлжлүүлэн шалгах юм байна.
Энэ сарын дундуур илрүүлсэн санхүүгийн салбарын цахим халдлагыг Пэйги Томсон гэдэг 33 настай эмэгтэй үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм. Наймдугаар сарын 1-нд түүний сонсгол хурал болно. Пэйги Томсон таван жилийн хорих ял авч, 250 мянган долларын торгууль төлөхөөр байна.
Цахим халдлагаар 100 гаруй сая хүний хувийн мэдээлэл задарчээ | ||
Үзсэн: 967 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.