
БНАСАУ лхагва гарагийн өглөө хэд хэдэн пуужин хөөргөсөн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэмдэглэснээр Умард Солонгосын зүүн эрэг дагуух Өмнөд Хамгён мужийн нутаг дэвсгэр, Ходо хойгоос пуужин хөөргөсөн байна.
Пуужингууд 250 километр орчим ниссэнээс гадна өнгөрсөн долоо хоногт хөөргөсөн пуужингаас өөр байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах салбараас мэдээллээ.
Харин Умард Солонгосын пуужингийн шинэ туршилт Японы газар нутаг, эдийн засгийн бүсэд хүрээгүй гэж Японы Батлан хамгаалах яамны мэдээллээс эш татан “Эн-Эйч-Кэй” агентлаг дамжуулсан байна.
Токиогийн зүгээс Умард Солонгосын дахин пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл байж магадгүй гээд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. “Хэрэв энэ баллистик пуужингууд бол НҮБ-ын тогтоолыг зөрчсөн үйлдэл мөн. Тэгвэл үнэхээр харамсалтай байна” гэж Японы Батлан хамгаалахын сайд Такэши Ивая хэлжээ.
Харин АНУ өнөөдөр хөөргөсөн пуужингуудыг бага тусгалын хоёр баллистик пуужин байсан гэж мэдэгджээ. Пентагоноос энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.
Умард Солонгос улс энэ сарын 25-нд тактикийн удирдлагат, бага радиусын хоёр пуужин хөөргөсөн билээ. Үүнийгээ тэд АНУ, Өмнөд Солонгос улс цэргийн хамтарсан сургуулилт явуулахаа цуцлах шаардлагыг биелүүлэхээ татгалзсаны хариу арга хэмжээ гэжээ.
БНАСАУ өнөө өглөө хэд хэдэн пуужин хөөргөжээ | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.