
Хоригдсон гэгдэж буй Шинжааны Уйгур иргэд эрх чөлөөтэй байгаа гэж мужийн дарга нь мэдэгджээ. Энэ тухай барууны хэвлэлүүдэд, “Хятадын эрх баригчдын хоморголон баривчилсан Шинжаан Уйгур иргэдийн дийлэнх нь суллагдсан гэж мужийн дарга нь ярилаа” гэж мэдээлж байна. Гэхдээ албаны хүн нийт хэдэн хүн суллагдсан талаар мэдэгдэхээс татгалзсан гэжээ.
Хятадын үндэсний цөөнх төвлөрдөг Шинжаан мужийн дарга Шохрат Закир мягмар гарагт хэвлэлийн хурал хийжээ. Хоёр сая Уйгур иргэнийг хүчээр хорьж байгаа гэх хорих төвүүдийг тэрээр “ хүмүүсийн хэлж байгаа шиг газар биш, мэргэжлийн сургалтын төв” гээд засгийн газрынхаа байр суурийг хамгаалжээ. Түүний орлогч Алкен Туниаз мөн тэдгээр төвүүдэд хүмүүсийг хүчээр байлгасан гэх мэдээллийг “худал хуурмаг” зүйл гээд “хэт үзлийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг НҮБ-аас уриалсны дагуу хууль ёсоор байгуулсан газрууд” гэсэн байна.
Уг нь мужийн удирдлагууд Шинжааны нийгэм эдийн засаг өссөн талаар мэдээлэх зорилготой байсныг хэвлэлүүд дурдаж байна. Гэвч албаныхнаас Шинжаанд байгуулсан төвүүдэд хэчнээн хүн хоригдсон талаар сэтгүүлчид асуухад хариулахаас татгалзжээ. “хүмүүс ирж байдаг явж ч байдаг, ихэнх нь буцаад олон нийтийнхээ дунд орсон” хэмээн мужийн дарга Шохрат Захир хариулсан байна.
Мөн “орон нутгийн иргэдийг хэт үзлээс нь холдуулах гэсэн засгийн газрын зорилго амжилтад хүрсэн, сургалтын төвүүдэд байх хугацаандаа тэнд байсан хүмүүсийн 90 хувь нь ажилтай болсон гэж бид хэлж болохоор байна, үнэндээ олон Уйгур иргэн ажлын байранд тэнцэх чадваргүй байсан” гэж тайлбарлажээ.
Баривчлагдсан Уйгур иргэдийн дийлэнх нь суллагдсан гэв | ||
Үзсэн: 1702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.