Шууд Chart

АНУ Хятадын бүх бараанд гаалийн татвар ногдуулна

2019-08-02 11:10:51

АНУ ирэх сараас эхлэн Хятадаас ирэх 300 тэрбум америк долларын өртөгтэй бараанд 10 хувийн гаалийн татвар ногдуулна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгдлээ. “Хятадтай хийх худалдааны хэлэлцээр үргэлжилж байна. Энэ хэлэлцээрийн үеэр АНУ есдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадаас манай улсыг чиглэх 300 тэрбум америк долларын хэмжээтэй үлдэгдэл бараа, бүтээгдэхүүнд гаалийн 10 хувийн багахан нэмэлт татвар ногдуулахаар боллоо” гэж тэрбээр “Твиттер” хуудсаараа мэдээлжээ. Энэ шийдвэр 250 тэрбум америк долларын өртөгтэй бараанд 25 хувийн татвар ногдуулсан одоогийн гаалийн татварт хамаарахгүй гэнэ.

АНУ-ын төрийн тэргүүн түүнчлэн Хятад улс Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авах, тунг нь хэтрүүлснээс болж Америкт олон мянган хүн нас бардаг опиоид бэлдмэлийнхээ худалдааг зогсоох амлалтаа биелүүлээгүй гэсэн байна. Гэхдээ Хятадтай хийх худалдааны цогц гэрээний асуудлаарх яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс, АНУ худалдааны маргаанаа зохицуулах хэлэлцээрээ хэдэн сарын турш явуулж байгаа юм. Хамгийн сүүлчийн буюу 11 дэх удаагийн хэлэлцээ тавдугаар сарын эхний хагас Америкийн нийслэлд болсон ч талууд тохиролцоонд хүрч чадалгүй, мухардалд орсон билээ. Ингээд Вашингтон тавдугаар сарын 10-нд Хятадын 200 тэрбум америк долларын өртөгтэй бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт татвар оруулж, хувийг нь 10 байсныг 25 болгон өсгөсөн. Хятадын Засгийн газар ч зургадугаар сарын эхээр хариу арга хэмжээ авч, АНУ-аас ирэх 60 тэрбум америк долларын өртөгтэй 5000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулсан байна.

Харин зургадугаар сарын 28-29-нд Японы Осака хотноо болсон Их-20-ийн уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уулзаж, яриа хэлэлцээгээ дахин үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Америкийн төрийн тэргүүн Хятадаас ирэх бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулахгүй, түүнчлэн “Хуавэй” компанийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтаа зөөллөнө гэж амласан бол Бээжингийн зүгээс АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ зарлажээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Хятадын бүх бараанд гаалийн татвар ногдуулна  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй