Шууд Chart

Дональд Трамп: Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийх хэвээрээ...

2019-08-02 11:16:00

Пеньянаас шинэ пуужингууд хөөргөсөн хэдий ч Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийх хэвээрээ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд мэдэгдлээ. “Яагаад гэвэл эдгээр нь бага тусгалын пуужингууд байсан, бид энэ талаар өмнө огт хэлэлцэж байгаагүй. Бид цөмийн хөтөлбөрийг л хэлэлцэж байсан” гэж Америкийн төрийн тэргүүн Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр “Дэлхийн олон орон ийм пуужин туршдаг шүү дээ” гэж нэмж хэлсэн байна.

Гэхдээ Америкийн засаг захиргаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын нутаг дэвсгэрээс хөөргөж буй пуужингуудыг анхааралтай ажиглаж, энэ асуудлаар Өмнөд Солонгос, Японтой зөвлөлдөж байгаа гэдгийг Пентагоны төлөөлөгчид мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос Умард Солонгос улсыг бага тусгалын хоёр пуужин хөөргөсөн гэж мэдээлсэн юм. Энэ мэдээллээс үзэхэд пуужингуудыг Умард Солонгосын зүүн эрэг Хамгён-Намдо мужаас Япон тэнгисийн зүгт баасан гарагийн 02 цаг 59 минут болон 03 цаг 23 минутын үед хөөргөжээ. Америкийн тагнуулын газрын мэдээлснээр шинэ пуужингууд 07 дугаар сарын 31-нд хөөргөсөн бага тусгалын хоёр баллистик пуужинтай адил байсан гэнэ. Шинэ туршилт Хойд Америкт ямар нэгэн аюул заналхийлэл учруулаагүй талаар хэвлэлүүдэд мэдээлж байна.

Умард Солонгос улс өмнө нь Сөүлийг наймдугаар сард АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилт явуулахгүй байхыг уриалсан юм. Пеньяны зүгээс энэ сургуулилтыг Солонгосын хойгт дайн хийхээр бэлтгэж байгаа үйлдэл гэж үзсэн байна. Харин Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнээс сургуулилт хийхгүйгээр зэвсэгт хүчин оршин тогтнох боломжгүй гээд Умад Солонгосын уриалгыг хүлээн аваагүй юм. Тиймээс Умард Солонгосоос пуужингийн цуврал туршилт хийж байгаа нь Өмнөд Солонгосын энэ үйлдлийг эсэргүүцсэн үйлдэл гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийх хэвээрээ...  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй