
АНУ-ын Техас мужийн Эль-Пасо болон Охайо мужийн Дейтон хотод хоёр хүн олон хүн цугларсан газарт цуст халдлага үйлдсэн бол Иллинойс мужийн Чикагод ням гарагийн шөнө үл таних этгээдүүд паркт байсан хүмүүс рүү гал нээжээ.
Эль-Пасод бямба гарагийн өглөө “Сиело Виста” худалдааны төвийн “Уолмарт” дэлгүүрт буун дуу гарч, 20 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан байна. Хэрэг үйлдсэн 21 настай Патрик Крузиусыг саатуулжээ. Цагдаа нар гэмт хэрэгтнийг арьс өнгөөр үзэн ядах үзлийнхээ улмаас гал нээсэн гэж үзэж байна. Учир нь тэрбээр хэрэг үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээгээр арьс өнгөний үзэл бүхий, цагаачдыг эсэргүүцсэн дөрвөн хуудас уриа дэвшүүлсэн байна.
Тэгвэл ням гарагийн өглөө 24 настай Коннор Беттс гэгч Дейтон хотын төвд орших худалдаа, зугаацлын төвд гал нээж, есөн хүний аминд хүрч, 27 хүнийг шархдуулжээ. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан байна.
Түүнчлэн ням гарагийн шөнө Чикагогийн нэгэн паркт үл таних этгээдүүд машинаас хүмүүс рүү буудсаны улмаас долоон хүн шархаджээ. Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй байна. Эль-Пасо, Дейтонд болсон халдлага нь АНУ-д он гарснаас хойш 21, 22 дахь удаагийн үй олноор нь буудаж хороосон тохиолдол болж байна. АНУ-д он гарснаас хойш 125 хүн буудуулж алдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдгээр хэргийг “үзэн ядалтын ажиллагаа, хулчгар байдлаа харуулсан үйлдэл” гэж шүүмжилжээ.
АНУ-д нэг хоногийн дотор гурван том хэрэг гарлаа | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.