
“Татар” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батзаяагаас цөөн асуултад хариулт авлаа.
-“Татар” хамтлаг энэ зуныг хэрхэн үдэв. Ямар шоу, арга хэмжээнд оролцсон бэ?
-Энэ зуны хувьд маш олон хуримд зочилж, хосуудад болон хуримын зочдод уран бүтээлүүдээ хүргэсэн. “Татар” хамтлаг байгуулагдаад энэ жил 17 нас хүрч байгаа. 2023 онд 20 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Энэ жилийн тухайд 17 “нас”-ны “төрсөн өдөр”-өө угтаж энэ сарын 16-нд 20:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д “VIP GIG show” тоглолт хийхээр болсон.
-Танай хамтлагийн сүүлийн хэд хэдэн уран бүтээл, тоглолтод Жагаа (Ч.Жаргалсайхан) оролцоогүй. Жагаа хамтлагаасаа гарсан уу эсвэл түр хугацаанд урлагаас хөндийрчихсөн байгаа юу?
-Жагаа урд хөршийн Бээжин хотын их сургуульд урлагийн чиглэлээр сурч байгаа. Таван жил сураад ирэх жил төгсөнө. Энэ хугацаанд Мөөгий (Д.Мөнхчулуун) бид хоёр хоёулхнаа гээд шинэ уран бүтээл хийхгүй байж болохгүй. Хэрвээ үзэгч, сонсогчдодоо шинэ дуу, бүтээлээ хүргэхгүй бол ямар ч хамтлаг мартагддаг. “Танай хамтлаг маш цөөхөн дуу гаргадаг болсон” гэж хүмүүс хэлдэг л дээ. Жагаа байхгүй байгаа нь хамтлагийн уран бүтээлийн тоонд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа.
Гэхдээ “Youtube”-д байршуулсан монголын хип хоп дуунуудаас хамгийн өндөр хандалттай бүтээлүүд нь ойролцоогоор 11 сая үзэлттэй байдаг юм билээ. Манай хамтлагийн хоёр жилийн өмнө гаргасан хуримын тухай “Хамтдаа” дуу 11 сая гаруй хандалт авсан. Тэгэхээр Мөөгий бид хоёр хоёулхнаа ч гэсэн чанартай бүтээл туурвиж байгаа гэж бодсон. Жагаа Монголд ирчихсэн байгаа. “VIP GIG show” тоглолтондоо орно. Мөн ирэх жил сургуулиа төгсөж, ирээд хамтлагтайгаа эргэн нэгдэнэ.
-Маргааш болох тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Зочин уран бүтээлчид ирэх үү?
-Тоглолтын тал дээр би ийм нэг зүйл анзаараад байгаа. Арван хамтлаг эсвэл тэр тооны реппэр байлаа гэхэд нэг нь тоглолт хийхэд нөгөө ес нь бүгд очиж дуулдаг. Дараа нь өөр нэг нь тоглолт хийлээ гэж бодоход л дахиад нөгөө ес нь очиж дуулдаг болчхож(инээв). Манай тоглолтын тухайд бол хамтарч дуу дуулсан дуучин Ука, Маралжингоо тэргүүтэй уран бүтээлч л оролцоно. Тоглолт зохион байгуулах газар маань 800 хүний багтаамжтай. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг, ticket.mn сайтаар зарагдаж байгаа.
“Татар” хамтлаг нийтдээ зургаан цомог гаргасан. Үүнээс 2003, 2006, 2008, 2013 онд гаргасан цомгийнхоо хамгийн шилдэг, хит дуугаа энэ тоглолтондоо дуулна. Бид “Бусдын хайрыг хүндэл”, “Нулимс дуссан хайр”, “Чамдаа өгсөн хайр”, “Чамдаа зориулъя” зэрэг зарим хит дуугаа ойрын хэдэн жил тоглолтон дээр дуулаагүй. Эдгээр болон бусад хит дуугаа дуулна.
-Баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье. Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе.
-“Татар” хамтлагийн үе үеийн бүх сонсогч, залуучуудыг VIP GIG show” тоглолтод урьж байна.
Д.Батзаяа: Жагаа “Татар” хамтлагтаа нэгдэнэ | ||
Үзсэн: 2383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.