Шууд Chart

Дундговь аймагт Нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна

2026-08-06 17:30:53

2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дундговь аймгийн ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбар, БЗӨБЦТС ТӨХК-ийн Дундговь салбарт ажиллалаа.

Энэ үеэр дээрх компаниудын удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзаж, төлөвлөгөөт болон их засварын ажлын бэлтгэл, нүүрс түлшний нөөц бүрдүүлэлт, сүлжээний өргөтгөл бэлэн байдал, тулгамдсан асуудлуудын хүрээнд санал солилцлоо. 

Томилолтын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Дундговь аймагт хэрэгжүүлж буй хог шатааж, дулааны эрчим хүч үйлдвэрлэх төсөл болон 50 МВт-ын нарны цахилгаан станцын төслийн талбайд очиж, үйл ажиллагаатай нь танилцлаа. 

Хог шатааж, дулааны эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь аймаг, орон нутгийн хог хаягдлын менежмент болон дулаан хангамжийн асуудлыг зэрэг шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашид бусад аймагт түгээн хэрэгжүүлэх жишиг төсөл болох ач холбогдолтойг салбарын сайд онцлон тэмдэглэлээ. 

Түүнчлэн Дундговь аймгийн Сайнцагаан суманд хэрэгжүүлж буй 50 МВт-ын нарны цахилгаан станц, батарей хураагуур бүхий төсөл нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан сэргээгдэх эрчим хүчний аукционоор шалгарсан таван төслийн нэг бөгөөд төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. 

Сэргээгдэх эрчим хүчний хамгийн бага тариф буюу 4.85 ам.цент/кВт.цаг бүхий уг төслийн хэрэгжилтэд төр засгийн байгууллага, орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо. 

Нарны станц, батарей хураагуурын энэхүү төсөл нь говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, эх үүсвэрийн дутагдлыг багасгах, уул уурхайн болон бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад чухал хувь нэмэр оруулна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 


Дундговь аймагт Нарны цахилгаан станц барих ажил үргэлжилж байна   
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй