-"Меритон"ХХК-ийн “Цэлмэг” хотхоны оршин суугчдын гомдлын хэн барагдуулах нь тодорхойгүй байна-
Сүүлийн үед шинээр баригдаж буй барилга, орон сууц тойрсон асуудал цөөнгүй гарах болов. Эдгээрийн дийлэнх нь иргэдийг хохироосон байх ажээ. Иргэд орон сууц худалдаж авахдаа, улмаар захиалга өгөхдөө метр квадратынх нь хэмжээг нарийвчлан шалгадаггүйгээс үүдэлтэй хохироод үлдсэн нь цөөнгүй байгаа юм. "Меритон"ХХК-ийн “Цэлмэг” хотхонд орон сууц худалдан аваад хохирсон иргэдийн төлөөлөгч бидэнд хандаж, ийн ярилаа.
“Цэлмэг” хотхоны оршин суугч Н.Сарангэрэл: Иргэд метр квадратын дутуугаас болж хамгийн багадаа 10 сая төгрөгөөр хохирсон
-Та “Меритон” ХХК-д гомдол гаргах болсон шалтгаанаа тодорхой яриач?
-Бид “Меритон” гэдэг компанитай анх хаалга, цонх, стандартын дагуу биш байсан учраас эдгээрийг сольж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. “Хийморь баяжих” гэдэг СӨХ анх энэ барилгыг хүлээж авсан юм байна лээ. Оршин суугчдын хурал хийгээд СӨХ-ийн удирдах зөвлөлийн даргаар намайг сонгосон юм. Би хуульч хүн учир, бас “Меритон” ХХК-тай хөөцөлдөх ажил байсан болохоор яах ч аргагүй энэ ажлыг хүлээн авсан. Энэ компани оршин суугчдад мэдэгдэлгүй “Хийморь баяжих” СӨХ-ыг сонгосон байсан нь бидний зүгээс гомдол гаргах эхний шалтгаан болсон юм. Мөн дулаан, усныхаа шугамыг контортоо хүлээлгэж өгдөг байхад эднийх “Жинст өргөө” гэх хувийн конторт хүлээлгэж өгсөн байгаа юм. Харин цахилгаанаа улсад ерөөсөө хүлээлгэж өгөөгүй байдаг. Хамгийн гол нь бид м2-аас илүү энэ асуудлаар тэдэнтэй ярьсан юм. Байсхийгээд л хаалга тогшино. Нэг нь ирээд цахилгааны мөнгө авна гэдэг. Хэн нь авах гээд байгаа нь мэдэгдэхгүй оршин суугчдад үнэхээр хэцүү байсан. Дараа нь бас өөр хүн ирж дулааныхаа мөнгийг авна гэдэг. Нэгэнт хэрэглэсэн юм чинь өгөхөөс аргагүй болоод оршин суугчид өгөөд л явуулдаг байлаа. Тэгэхээр бид оршин суугчдын хурал хийж энэ асуудлаа цэгцлэх нь дээр гэж ярилцсан.
Тэгээд хурлаар “СӨХ хэний мэдэлд байна вэ. Цахилгаан хэрэглэсэн мөнгөө бид яагаад улсад өгдөггүй “Меритон” компанид өгч байгаа юм бэ гээд судласан. Гэтэл “Туул өргөө” гээд манай хорооллын урд байдаг компаниас цахилгаанаа авсан байсан. Тэр компанитай хувийн гэрээ хийж тохиролцсон байгаа юм. Сүүлийн дөрөв, таван сар байнга шахуу цахилгаан тасарч байна. Би цэцэрлэг ажлуулдаг учир Хан-Уул дүүргийн эрчим хүч рүү очиж яагаад цахилгаан тасраад байгааг асуусан. Гэтэл “Меритон” гэдэг компани бидэнд энэ байрыг хүлээлгэж өгөөгүй. Та нар эхлээд тэр компанитайгаа учраа ол гэсэн.
-Метр квадратын зөрүүг яаж мэдсэн юм бэ?
-Тэгээд бид цахилгааны мөнгө хураадаг хүнтэйгээ учраа олохоор уулзсан юм. Гэтэл тэр хүн “Меритон” компанийн хүмүүс хил гараад явчихсан. Бидний цалинг ч өгөөгүй. Би одоо сайн дураараа мөнгө хурааж “Туул өргөө” компанид тушааж байна гэж хэлсэн. Тэгээд бид ер нь метр квадратаа шалгуулсан нь зөв байх гээд шалгуултал нэг айлаас 2-4 метр дутсан юм. “1111” төвд хандаж үзлээ. Гэтэл “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-т хандана уу гэж зөвлөсөн. Ингээд бид “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-т албан ёсоор хандаж, байцаагч Ж.Мөнхсайханд хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл тэр хүн одоо хүртэл бидний тэр бичгийг олохгүй байна гээд байгаа. Үүнд ч гэсэн бид гомдолтой байна.
Бас Улсын комисс стандартын бус хаалга, цонх, шалтай энэ барилгыг яагаад хүлээж авсан нь сонин байгаа юм. Бид өөрсдөө хөөцөлдөөд Х.Эрдэнэхуяг гэдэг хүний сураг гаргасан. Монгол талыг нь хариуцсан хүн нь гэж дуулсан. Энэ хүн утсаа авахгүй байж байгаад уржигдар утсаа авсан. Тэгээд “Би яах юм бэ. Тэр хятадууд чинь гараад явчихсан” гэж хэлсэн. Энд хамгийн гол нь барилга барьсан компани оршин суугчдыг оруулаад гурван жилийн дараа улстай хийсэн гэрээгээ цуцладаг гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. Хэрэв гурван жилийн дотор ямар нэг асуудал үүсвэл компани хариуцдаг юм билээ. Барилгын гэрээн дээр тухайн барилга баригдаад гурван жил болоод “Меритон”-д хамаагүй болно гэсэн үг. Гэтэл энэ онд “Меритон” компанийн гурван жилийн хугацаа дуусах юм. Бид үүнийг хугацаа хожоод алга болох гээд байна гэж үзэж байна. Тиймээс бид “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ыг шахаж шаардаж байгаа.
-Одоогоор хэдэн оршин суугч гомдол гаргаад байгаа юм бэ?
-Зарим нь байраа зараад эхэлсэн. “Меритон”-ы мэдлийн зургаан граш байгаа. Түүнийг зараад бид хохирлоо барагдуулъя гэхээр “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” бид хятад эзнийг нь эрээд олохгүй байна. Улсын мөрдөн байцаах газарт өгөөд шалгуулж байгаа гэж хэлдэг. Их хугацаа алдаж байна. Бүх айлын төлөөлөл оролцож, гарын үсэг зурж гомдол гаргасан. Бидэнд хандаагүй газар гэж бараг алга. “Мэргэжлийн хяналтын газар” бас хандсан. Бүр сүүлдээ хүмүүс нь таньдаг болоод “Та ямар ядаргаатай юм бэ” гэж уулзахаас цааргалдаг болсон. Оршин суугчид метр квадратын дутуугаас болж хамгийн багадаа 10 сая төгрөгөөр хохироод байна.
Шинэ барилга юм байж дотор тал нь олон жил болж байгаа байшин шиг хуучирсан. Бас дулаалга байхгүй. “Цэлмэг” гэх СӨХ нэг айлаас 25 мянган төгрөг хурааж авсан. Одоо болтол ямар ч тайлан байхгүй. Тэр мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй байна. “Жинст өргөө” гэх контор дулаан өгч байгаа боловч “Меритон”-оос яаж авсан нь тодорхойгүй. Гадна усны тоолуурын баталгаа бидэнд өгөөгүй. Хэдхэн хоногийн өмнө “Меритон” компанийн хүн ирээд тоолуур баталгаажуулна гээд айл бүрээс баталгаажуулалтын мөнгө гэж нэхсэн. Уг нь оршин суугчид анхнаасаа л бүх мөнгөө төлөөд авсан юм. Бид анх баталгаатай тоолууртай байранд орсон гэж бодсон.
-Та “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-т хандаад хэр удаж байна вэ?
-Бид гомдлоо гаргаад бүтэн хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Өдөр бүр л лавлаж асуудаг. Хаалга, цонх эвдрээд байна. Стандартын бус байна гэдэг өргөдлөө өгөөд дөрвөн сар болж байна. Мэргэжлийн хяналтын Хан-Уул дүүрэг хариуцсан байцаагч хэлэхдээ та одоо ямар ядаргаатай юм бэ? Та ганцаараа хэл амтай юм уу? Энэ “Меритон”-ыг бид ч дийлэхгүй байна гэсэн.
Улсын комиссын 21 хүн гарын үсэг зураад хүлээж авсан мөртлөө яагаад энэ стандартын бус барилга хүлээгээд авчихсаныг үнэхээр гайхаж байна. Бид хэдэн зуун саяар нь төлөөд байдаг. Метр квадрат дээр нь ажиллаад дээрээс нь бидэнд стандартын бус барилга хүлээлгээд өгчихсөн байдаг. Одоо баталгаагүй тоолууртай мөнгө илүү авдаг. Цахилгааныхаа мөнгийг өгсөн мөртлөө тогоо таслуулаад л байж байна.
-Анх худалдаж авахдаа та хэмжилт хийлгэсэн үү?
-Үгүй ээ. Би баталгаатай юм байх гэж итгэсэн. Улсын комисс хүлээж авсан бичиг баримт нь бүрэн байсан. Одоо энэ “Меритон”-ыг яах вэ? гэсэн асуудал гараад байна. Б.Эрдэнэхуяг гэх монгол талыг хариуцсан хүний сураг гараад байгаа мөртлөө олдохгүй, утсаа ч авахгүй байна.
-“Цэлмэг” хотхон хэдэн айлын орон сууц вэ?
-“Цэлмэг” хотхон 96 айлын орон сууц. Одоогоор 87 айл тэнд амьдарч байна. Үлдсэн айлын дулаан, усны мөнгийг бид өгч байна. Бид граш худалдаад авчихсан хэрнээ сар бүр 15 мянган төгрөг төлдөг. Гэтэл “Меритон”-ы мэдлийн зургаан граш байдаг. Тэд өөрсдөө яагаад мөнгө төлөхгүй байгаа юм бол гэдэг нь их л сонирхолтой байна. Би өөрөө хуулийн мэргэжилтэй хүн. Мэргэжлийнхэн шалгахгүй байна. Улсын их хурлын гишүүн асан Д.Дондог гэх хүн анх энэ газрыг аваад зарж байсан гэж сонссон.
“Меритон” гэх компани одоо Монголд байхгүй
“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар
Бид энэ талаар “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-аас тодруулсан юм. Тус газрынХэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатартай уулзлаа. Тэрээр ““Меритон” компани дээр гомдолтой иргэдийн өргөдөл ирсэн. Албан ёсоор шалгалт хийж үзэхэд “Меритон” гэх компани одоо Монголд байхгүй. Хятадын хөрөнгө оруулалттай компани байж байгаад эзэд нь гадагшаа гарсан. Өөрөөр хэлбэл, эзэн байхгүй гэсэн үг. Иргэдийн саналаар Б.Эрдэнэхуяг гэх хүнийг шалгахад “Би энэ компанид хөрөнгө оруулагч байсан.
Одоо бүх хувьцаа хөрөнгөө татсан гэж хоёр ч удаа ирж мэдүүлсэн байгаа. Үүний дагуу бид Улсын бүртгэлийн Ерөнхий газраас мэдээлэл авахад тухайн иргэн маань /Б.Эрдэнэхуяг/ өөрөө бүртгэлээс хасагдаагүй байсан. Тиймээс бид хохирлыг барагдуулахаар шаардаж байна. Мөн “Меритон” гэх энэ компанийн эзнийг бид эрэн сурвалжлах боломжгүй учир “Улсын мөрдөн байцаах газар” руу олж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан байгаа. Залилангийн хэрэг гэх үндэслэлээр хайж байна. “Барилгын чанар муу байна” гэсэн уг барилгын хохирлын хэмжээ нь эрүүгийн хуульд зааснаар үлэмж их хэмжээнийх юм. Б.Эрдэнэхуяг одоо ч олдохгүй байгаа учраас эрэн сурвалжлуулахаар Улсын мөрдөн байцаах газарт өгчихөөд байна” гэлээ.
“Меритон” ХХК-ийг Cheng Liangzi, He jianli гэх хүмүүст шилжүүлсэн...
Хөрөнгө оруулагч, захиалагч: “Меритон” ХХК-ны захирал асан Б.Эрдэнэхуяг
Ингээд бид эрэн сурвалжлагдаж байгаа гэх Б.Эрдэнэхуягтай холбоо барьж, уулзсан юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-“Цэлмэг” хотхоны оршин суугчид метр квадратын зөрүү, стандартын бус хаалга, цонхтой байна гэж гомдол гаргаад байгаа. Танай зүгээс иргэдийн гомдлыг барагдуулах уу?
-Би тухайн үед 2009 онд энэ “Меритон” ХХК-ийн тамга, тэмдэг зэрэг холбогдох бүхий л бичиг баримтыг Хятадын иргэн Cheng Liangzi, He jianli гэх хөрөнгө оруулагч хүмүүст шилжүүлсэн. Учир нь “Меритон” компанийн хөрөнгө оруулалтын 40 хувийг би, 60 хувийг тэр хоёр гаргасан юм.
-Анх “Меритон ХХК-ийг хэн байгуулсан юм бэ?
-Би Н.Давааням гээд найзтайгаа цуг байгуулсан юм. Одоо бол бидэнд ямар ч хамаагүй юм шүү дээ. Тэр хотхоны иргэд намайг уг нь ойлгох ёстой. Би харин ч буян болсон гэж боддог. Яагаад гэвэл би хэзээ ч хятадуудын талд зогсохгүй хүн. Анх тэр барилгыг хятадуудтай хэрэлдэн байж хямдруулж, хэдэн хүнийг ч гэсэн хямдхан байр, оронтой болгоё гэж бодож явсан. Тэгтэл бас тийм биш л юм байна л даа.
-Та улсын комисс тухайн байрыг хүлээж авахад Хөрөнгө оруулагч, захиалагч “Меритон” ХХК-ийн захирал гэсэн албан тушаалтайгаар гарын үсгээ зурсан байна билээ?
-Тийм нь ч тийм. Би гэндчихсэн юм л даа. Яаж гэндсэн гэхээр тухайн гэрээн дээр заасан зарим нэг заалтан дээр хайхрамжгүй хандсан. Би харин тэр “Цэлмэг” хотхонны бүтээн байгуулалт дээр юуг нь хариуцсан гэхээр монгол талын ажиллах хүч, барилгын бригад гаргасан юм. Тухайн үед улсын бүртгэлийн комиссд ямар ч асуудалгүй хүлээлгэж өгсөн юм. Албан тушаал нь л захирал гэж байгаа болохоос биш тэр үед би зүгээр л ажилтан нь байсан.
-Та одоо тэр хятадуудтай холбоотой байгаа юу?
-Ажлын шугамаар бол ямар ч холбоо байхгүй ээ. Би хааяа утсаар ярьдаг. Одоо дөрөвдүгээр сард ирнэ гэж байна лээ. Одоо ингээд хэвлэлээр энэ талаар шуугих юм бол ирэхгүй болчихвол хэцүү шүү дээ. Надад бол тэр хоёр хятадыг өмөөрөөд байх юм алга л даа. Зүгээр л иргэд, оршин суугчдаа бодсондоо л хэлж байгаа юм шүү.
-Та одоо ямар ажил эрхэлдэг вэ?
-Би одоо барилгаас хол болсон. Нөгөө Н.Давааням гэдэг найзтайгаа цуг хувиараа юм хийж байгаа.
-Яг юу гэдгийг тодруулж болох уу?
-Гадаадын зарим нэг компанитай хамтраад төсөл бичиж, Монголд бүтээн байгуулалт хийх гээд санхүү нь хүрэлцэхгүй байгаа компаниудад дэм үзүүлье гэж зориод явж байна.
Эх сурвалжууд ийн өгүүлээд байна. Энд нэг зүйлийг тодотгох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Монголчууд зарим зүйлд хэт итгэснээсээ болоод хохироод үлдэх тохиолдол цөөнгүй гарсаар байна. Үүний нэг жишээ нь “Меритон”-ыг тойрсон дээрх асуудал болоод байгаа юм. Уг нь 2009 онд орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлалын стандартыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний газраас гаргасан байдаг юм билээ.
Тиймээс барилга худалдан авахаар төлөвлөж байгаа хүмүүс хохироод үлдэхгүйн тулд тус стандартын дагуу хэмжилт хийгээд үзэхэд гэмгүй юм. Сууцны талбайн нэг өрөөг хэмжихдээ дотор ханаас дотор хананд хэмждэг байна. Өрөөний уртын хэмжээг өргөний хэмжээнд үржүүлснээр нийт талбайн хэмжээ гардаг ажээ. Хуучны орон сууцны талбайг хэмжихэдтагт болон харанхуй өрөө, хонгил ордоггүй байжээ. Харин 2009 оны стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт зэргийг сууцны талбайд оруулахаар заасан байна.
Мөн шинээр орон сууц худалдан авахаар зэхэж буй хүмүүст сануулахад, ханын зузааныг бас орхигдуулж болохгүй. Барилгын компаниуд ханын зузааныг оруулж тооцдог эсэхийг судлаж үзвэл ханын зузааныг метр квадратад тооцдоггүй цөөнгүй компани байх аж. Иргэд ч ханын зузаан, нимгэнд төдийлөн анхаарал хандуулдаггүй бололтой. Энэ нь бусдад мэхлэгдэх бас нэг шалтгаан болж байгааг үгүйсгэх аргагүй. Хэдий болтол “Меритон” шиг буух эзэн, буцах хаяггүй компаниуд Монголын иргэдийг хохироож, монжсоор байх вэ. Мөнгөтэй, танилтай л бол гадаадын иргэн ч хамаагүй Монголд барилга бариад иргэдийг хохироодог энэ байдалд цэг тавих цаг хэдийнэ болжээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.