Шууд Chart

Ерэн баатрын дууль

2019-09-03 11:44:52

Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер битүүрсэнгүй

Свердловскийн гудамжаар
Аавтайгаа хөтлөлцөөд
Сэргэлэн оддын учрыг
Асууж явсан орос хүү
Севастополийн цэцэрлэгт
Амрагтайгаа болзоод
Сэтгэл шигээ цагаахан
Алчуур солилцсон хар хүү
Цэргийн шинель өмсөж
Галт тэргэнд суухдаа
Цэцэн буу мөрөвчилж
Газрын холыг зорихдоо
Цэнхэр униарт талын
Наран мандах зүг рүү
Цэлмэг тэнгэр шиг нүдээрээ
Насандаа марташгүй харсан юм
Ханан дахь хуанлын тоо
Гучин есийг зааж
Харандааны үзүүр зураг дээр
Халх голыг зурж
Хайлааст Манханы оройгоор
Дарийн утаа маналзаж,
Хатуу хилэнт өдрөөр
Дайсанд үхэл зарласан
Яг тэр мөчид
Ерэн баатар төржээ
Ялалтын тугаа өргөхөд нь би
Эхэлж хорвоод мэндэлжээ.
Ерэн эрийнхээ хойноос
Ерэн эхнэр уйлж
Ерэн эцгийнхээ хойноос
Ерэн хүүхэд сарвайж
Ерэн хүүгийнхээ хойноос
Ерэн эх шаналж
Хичнээн ерэн зүрх
Хэн, хэний зүрх
Хэдий болтол шархалж
Хэцүү бэрхээр өнчрөв
Свердловскийн буудлаас
Ачийгаа үдсэн өвгөн
Севастополийн цэцэрлэгээс
Амрагаа мөрөөдсөн бүсгүй
Москвагийн сургуулиас
Аавыгаа хүлээсэн хүү
Монголоос ирэх шууданг
Хичнээн их харуулдаа бол!
Нижигнэсэн бууны дуугаар
Ерэн баатар төрөхөд
Нэг насаа олоод
Ирж байсан хүү би
Нинжин сэтгэлтний хагацлаас
Уйлах гэж хожимдсонгүй
Нижгэр их ялалтыг
Дуулах гэж хожимджээ.
Гайхамшигт алдрыг нь дуулъя гэж
Үгээ бодлоо
Гандашүй гавьяагий нь дурсая гэж
Үзгээ авлаа
Хорвоод дуурстал аялая гэж
Хоолойгоо заслаа
Хойч үедээ дурсгая гэж
Сэтгэлээ өглөө
Идэмхий дайсныг хяргасан
Сүрт зэвсэг дотроос нь
Илд, буу хоёрыг нь
Сүлд болгон зөрүүлж
Египтийн хааны босгосон
Пирамидаас өндөрт
Ерэн баатрын хөшөө
Эгц дээшээ мандаж байна.
Рябцев В.И 1939-8-25
Степанюк М.С 1939-8-25
Жлудков А.В 1939-8-28
Прядко А.Н 1939-8-30
Энэ олон нэр.
Ерэн баатрын нэр!
Нэр бүхний хойноос
Өнчирч уйлсан нүд
Нэр бүхний цаанаас
Өрөвдөж хайрласан зүрх
Дээгүүр нь үүл нүүж байна.
Дэргэдүүр нь ус урсаж байна.
Хажуугаар нь ой шуугиж байна
Харин эд чив чимээгүй!
Харьтныг алхуулаагүйдээ
Уужирч амарсан юм шиг
Халх голыг өгөөгүйдээ
Сэтгэл нь ханасан юм шиг
Харуулын албандаа
Үнэнч цэрэг хэвээрээ…
Хязгаарын газартаа
Үлдэж хоцорч дээ…

1963 он. Шаравын Сүрэнжав


Ерэн баатрын дууль  
Үзсэн: 18017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-03-14 08:49
Маш гоё шүлэг байна
Хххх [127.0.0.xxx] 2024-11-04 21:57
Гоё
Зочин [127.0.0.xxx] 2024-03-28 13:46
Хэд ч давтаад унших ва гоё шүлэг бна ❤️❤️❤️❤️
Түшиг [127.0.0.xxx] 2024-02-20 22:15
Би 6 анги тэгээд энэ их хэрэгтээ байлаа
Энхнаран [127.0.0.xxx] 2024-02-15 09:55
Маш сайхан гоё шүлэг байлаа
Зочин [127.0.0.xxx] 2024-02-07 18:58
ymr goy ym b bi 24onii hamgii anh com bicse hun shuu
Зочин [127.0.0.xxx] 2024-02-07 19:47
ugu chi bish
... [127.0.0.xxx] 2024-02-03 14:42
Бүтнээрээ юм уу?..
Зочин [127.0.0.xxx] 2024-12-01 23:28
Bvtneeree bishee vldsen heseg ni halhgoliin nomiin sand baidag
Түшиг [127.0.0.xxx] 2024-02-29 19:25
Мэдэхгүй
бат итгэл [127.0.0.xxx] 2023-05-04 20:22
маш гоё
Зочин [127.0.0.xxx] 2023-03-12 13:00
Гоё шүлэг шүү
Зочин [127.0.0.xxx] 2022-10-22 20:59
gyenaaa
Зочин [127.0.0.xxx] 2022-10-21 09:28
gyenaa
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 14:59
Бүтнээрээ юм уу?
Зочин [127.0.0.xxx] 2024-12-01 23:28
Vgv
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 09:59
Үнхээр гоё дуульжээ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-27 16:51
Их гоё болжээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-04 08:59
Агуу найрагч
Zochin [127.0.0.xxx] 2019-09-03 21:11
Их найрагч Шаравын Сүрэнжав гуай давтагдашгүй сайхнаар дуулжээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-03 14:02
ХАЛХ ГОЛЫН СУМЫН НЭЭЛТ ДЭЭР ДӨНГӨЖ САЯ УНШСАН ТЭР ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН ЯМАР ГОЁ УНШ ВАА ТҮҮНИЙ БИЧЛЭГИЙН ТАВИХ БОЛОМЖ БАЙНА УУ,

Бидэнтэй нэгдээрэй