
Парламентын үйл ажиллагааг завсарлуулах зөвшөөрөл авахдаа хатан хаанд худал хэлсэн гэж шүүх Британийн Ерөнхий сайдыг буруутгаж, тогтоол гаргалаа. Харин Борис Жонсон шүүхийн энэ тогтоолыг няцааж байна.
Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хатан хааны зөвшөөрлөөс парламентын хуралдааныг энэ мягмар гарагаас эхлэн 10 дугаар сарын 14 хүртэл таван долоо хоногийн хугацаанд завсарлуулахаар болсон. Гэвч Шотландын давж заалдах шатны дээд шүүхээс лхагва гарагт парламентыг завсарлуулсан явдал нь "хууль бус үйлдэл бөгөөд парламентын үйл ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлого. Борис Жонсон өнгөрөгч наймдугаар сард парламентын хуралдааныг завсарлуулах зөвшөөрөл авахдаа хатан хааныг төөрөлдүүлж худал хэлсэн” гэж буруутгасан байна.
Шүүхийн шийдвэр парламентыг завсарлуулах нь хууль бус хэмээн гарсны дараа Засгийн газрын тэргүүн хатан хаанаас зөвшөөрөл авахдаа түүнд худал мэдээлэл өгч, төөрөгдүүлээгүй хэмээжээ. Мөн “Шотландын шүүхийн энэ шийдвэрийн эсрэг Лондоны дээд шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан. Ирэх сард Европын холбоотой холбооноос гарах гэрээ байгуулна гэж найдаж байна” гэж Борис Жонсон мэдэгджээ.
Британийн Засгийн газар, Ерөнхий сайд Европын холбоотой Ирландын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн асуудлыг тусгаагүй шинэ гэрээ байгуулахыг хүсч байгаа. Гэхдээ шаардлагатай нөхцөл үүсвэл гэрээгүйгээр гарахад ч бэлтгэж буй юм байна. Энэ байр суурийнхаа төлөө Ерөнхий сайд Борис Жонсон парламентад ялагдлынхаа тоогоор дээд амжилт тогтоогоод байгаа юм.
Борис Жонсон шүүхийн тогтоолыг няцааж байна | ||
Үзсэн: 1420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.