
Умард Солонгосын цэргийн хөлөг онгоц Япон тэнгис дэх эдийн засгийн онцгой бүсэд орж ирсэнтэй холбогдуулан Япон улс БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийллээ. Энэ тухай Япон улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Японы эдийн засгийн онцгой бүсэд Умард Солонгост харьяалагддаг байж болзошгүй ачааны болон хурдны хөлөг онгоц илэрчээ. Хурдны хөлөг онгоц нь тэнгист Японы аюулгүйн албаны эргүүлийн хөлөг онгоц руу ойртож, дотор нь байсан цэргийн хувцастай хүн Японы хилчдийг зэвсгээр сүрдүүлсэн байна.
Тиймээс Ёшихидэ Суга “Бид эдгээр хөлөг онгоцыг Умард Солонгосынх байх магадлал маш өндөр гэж үзэж байна. Тиймээс Бээжин дэх Элчин сайдын яамны сувгаар дамжуулан эсэргүүцэл илэрхийлсэн” гэж мэдэгдсэнийг “Киодо” агентлаг дамжуулжээ.
Японд хилийн албаны үүрэг гүйцэтгэдэг Тэнгисийн аюулгүйн албаны мэдээлснээр өнгөрөгч наймдугаар сарын 23-нд Япон тэнгис дэх эдийн засгийн онцгой бүс, Ямамотагийн гүехэн усны хэсэгт Умард Солонгосын далбаатай Умард Солонгосын ачааны хөлөг онгоц, мөн хурдны хөлөг онгоц илэрсэн гэнэ. Хоёр хөлөг онгоц эдийн засгийн онцгой бүсийг удалгүй орхисон ч маргааш өдөр нь аюулгүйн албаны эргүүлийн хөлөг онгоц эдгээр онгоцыг дахин илрүүлжээ.
Энэ удаад хөлөг онгоцон дээр Умард Солонгосын тэнгисийн цэргийн флотын далбаа намирч байжээ. Хөлөг онгоцон дээр цэргийн хувцастай гурван хүн харагдсан байна. Хөлөг онгоц Японы эргүүлийн хөлөг онгоц руу 30 орчим метр ойртож, нэг этгээд нь Японы хөлгийн зүг автомат буугаа онилжээ. Харин нэг нь болж буй үйл явдлаар бичлэг хийж байсан гэнэ. Энэ үеэр ямар нэгэн буудалцаан гараагүй байна.
Японы тэнгисийн аюулгүй байдлын албанаас Умард Солонгосын хөлөг онгоц эдийн засгийн бүсээс хууль бусаар далайн кальмар барьсан гэж үзэж байна. Энэ үйл явдал өнөөдөр л ил болсон юм.
Япон улс БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийллээ | ||
Үзсэн: 360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.