
Францын оргилуун дарс үйлдвэрлэгчид Их Британийг ирэх сарын 31-нд Европын холбоог гэрээгүйгээр орхивол Зул сарын баяраар дарсны хомсдол үүснэ гэж болгоомжилж, британичуудын дарсны дор хаяж жилийн хэрэгцээг хангах зорилгоор нийлүүлэлтээ эрс нэмжээ.
Тиймээс “хатуу Брексит” болж, ямар нэгэн хүндрэл гарсан ч Их Британи улс оргилуун дарсны хүрэлцээнд санаа зовохооргүй боллоо гэж “Скай Ньюс”-т мэдээлж байна.
Гэхдээ Их Британи яг хэдий хэмжээний оргилуун дарс нөөцөлсөн талаар мэдээлэл алга байна. Францын оргилуун дарс үйлдвэрлэгчдийн мэргэжлийн хорооны төлөөлөгч Тибо Ле Мейугийн хэлснээр ямар ч байсан оргилуун дарсны хомсдолоос зайлсхийж чадсан гэсэн байна.
Их Британи улс оргилуун дарсны импортоороо АНУ-ын өмнө бичигддэг. Нийт импортын 17 хувь нь энэ улсад ногддог байна. Өнгөрсөн онд тус улс 26.8 сая лонх оргилуун дарс худалдан авчээ. Англичууд оргилуун дарсыг 300 жилийн өмнөөс үнэлж ирсэн болохоор Европын холбооноос гарсан ч, эс гарсан ч энэ ундаандаа дуртай хэвээр байна гэж оргилуун дарсны “Тайттингер” ордны ерөнхийлөгч мэдэгджээ.
Их Британи улсын Европын холбооноос гарах хугацааг хойшлуулах тухай хууль энэ сарын 9-нөөс эхлэн мөрдөгдөж байна. Энэ хуулийн дагуу Лондон, Брюссель 10 дугаар сарын 19-ний дотор ирээдүйн хамтын ажиллагааныхаа нөхцөлөөр гэрээ байгуулж чадахгүй бол Их Британи улс Брекситийг гурван сараар буюу 2020 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хойшлуулах хүсэлтээ Европын холбоонд гаргах ёстой.
Их Британи Европын холбооноос гэрээгүйгээр гарвал цахилгаан эрчим хүч, түлшний үнэ нэмэгдэж, эм тариа, хүнсний хомсдолд орж, Европ тивтэй тээврийн харилцаа алдагдахад хүрнэ. Гэсэн хэдий ч Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 10 дугаар сарын 31 гэхэд Брекситийн асуудлаа дуусгана гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.
Их Британи улс оргилуун дарсны хүрэлцээнд санаа зовохооргүй боллоо | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.