Шууд Chart

Польш, АНУ цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019-09-25 10:37:21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн талбарт Польшийн төрийн тэргүүн Анжей Дудатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ гэрээний дагуу АНУ тагнуулын нисгэгчгүй онгоцны эскадрилаа Польшийн газар нутагт байршуулж, цэргийн алба хаагчдынхаа тоог 4500 байсныг 5500 болгон нэмэгдүүлэх юм байна.

Польшийн тал Америкийн цэргийн баазын дэд бүтцийг хангах үүрэг хүлээж байна. Үүнийхээ хариуд иргэдээ АНУ руу визгүй зорчуулах боломжтой болно.

АНУ, Польшийн төрийн тэргүүн энэ үеэр ОХУ-аас Балтийн тэнгисээр дамжин Герман хүрэх байгалийн хий дамжуулах хоолойн “Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэхэд ямар аргаар саад учруулах вэ гэдэг асуудлыг хэлэлцсэн байна.

Оросын эдийн засгийн онцгой бүс, Финлянд, Швед, Дани, Герман гэсэн маршруттай энэ төслийг хэрэгжүүлэхэд одоо зөвхөн Даниас зөвшөөрөл авах л үлджээ. Харин Украин улс Оросын хийг дамжуулах орлогоо алдахаас айж энэ төслийг эсэргүүцэж байгаа бол Польш, Латви, Литва зэрэг Европын орнууд, түүнчлэн Европын холбоонд байгалийн шатдаг хийгээ санал болгож буй АНУ энэ төслийг эсэргүүцэж байгаа юм.

Тиймээс ч “Хоёр улсын төрийн тэргүүн “Умардын урсгал-2” төслийг Европын эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна гэж үзээд, зогсоох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн” тухай хэвлэлүүдэд тэмдэглэжээ.

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагаас польшууд АНУ руу хэзээ визгүй зорчиж эхлэх вэ гэсэн асуулт тавихад “Бэлтгэл ажлаа хурдан хийж чадвал Зул сар гэхэд зорчих боломжтой” гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Польш, АНУ цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ   
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй