
Умард Солонгосын төрийн хэвлэлд АНУ-тай дахин уулзалт хийнэ гэдэг эргэлзээтэй зүйл гэж бичсэн байна. Умард Солонгосын Төв мэдээллийн агентлагийн цахим хуудсанд “Өнгөрсөн онд Сингапурт болсон анхны дээд хэмжээний уулзалтаас гарсан хамтарсан мэдэгдэл буюу гэрээг биелүүлэхэд АНУ юу ч хийсэнгүй” гэж Умард Солонгосын Гадаад хэргийн сайдын зөвлөх Ким Ке Гваны хэлснийг иш татан мэдээлээд АНУ-ын талтай дахин уулзалт хийх нь эргэлзээтэй зүйл гэж бичсэн байна.
Умард Солонгосын Гадаад хэргийн сайдын зөвлөх Ким Ке Гван АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтаас гадна Америкийн талаас Умардын талд үзүүлж буй хориг шахалтаа чангатгасныг шүүмжилсэн байна.
Мөн тэрбээр Америкийн улс төрчид “Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө орхисон цагт л хөгжих боломжтой гэсэн үг хэлж байгаа нь асуудлын буруу юм” хэмээн тэмдэглэжээ.
Умард Солонгос болон АНУ-ын хийж байгаа цөмийн яриа хэлэлцээ өнгөрөгч хоёрдугаар сард болсон уулзалтаас хойш гацаанд орсон. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умардын талтай удахгүй дахин уулзах байх гэж ярьсны дараа ажлын хэсгийн уулзалтыг ойрын үед эхлүүлэхэд бэлэн гэж Пехнъян мэдэгдсэн ч чухам хэзээ, хаана гэдгийг тохироогүй байгаа юм байна.
Даваа гарагт энэ талаар Дональд Трамп “Ким Жон Унтай дахин уулзахаас өмнө энэ зун хийсэн гурав дахь удаагийн уулзалтын үр дүнг харахыг хүсч байна” гэж ярьсан байна.
Умард Солонгосын төрийн хэвлэлд АНУ-тай дахин уулзалт хийнэ гэдэг эргэлзээтэй гэж бичжээ | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.