
Австри улсад ням гарагт болсон Үндэсний зөвлөл буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгуулиар консерватив үзэлт Австрийн ардын нам ялалт байгууллаа. Ийнхүү консерватив үзэлтнүүд парламент дахь олонх болсноор намын дарга Себастьян Курц Засгийн газраа бүрдүүлж, Австрийн канцлерын албан тушаалдаа эргэн ирэх боломжтой болж байгаа юм.
Австрийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Австрийн ардын нам 38,4 хувийн саналаар 73 суудал авч байна. Австрийн социал-демократ нам 21,5 хувийн саналтайгаар хоёрдугаар байрт орж, 41 суудал авахаар болжээ. Харин гуравдугаар байрт барууны Австрийн эрх чөлөөний нам 17,3 хувиар 32 суудал авсан бол “Ногоонтнууд” 12,4 хувиар 24 суудал, “Шинэ Австри” нам 7,4 хувиар парламентад 14 суудал эзлэхээр болж байна.
Энэ дүнд шуудангаар саналаа өгсөн сонгогчдын санал ороогүй. Тэдний саналыг пүрэв гарагт тоолж дуусна гэхээр намуудын дэмжлэг улам нэмэгдэх магадлалтай гэсэн үг. Энэ удаагийн сонгуульд зайнаас саналаа өгсөн хүмүүс маш олон буюу 1 сая гаруй байсан нь нийт сонгогчдын бараг тавны нэг нь юм.
Австрийн ардын нам сонгуульд ялалт байгуулсны дараа намын дарга Себастьян Курц парламентад орж ирсэн улс төрийн бүх хүчинтэй Засгийн газраа бүрдүүлэх хэлэлцээр хийхээ зарлажээ. Тэрбээр энэ үеэрээ “Бид ийм амжилт гаргана гэж огт бодож байгаагүй. Бидний хувьд энэ бол түүхэн өдөр. Өмнөх сонгуулиудаар нэг, хоёрдугаарт орсон намуудын зөрүү ийм их байсан тохиолдол үгүй” гэж мэдэгдсэн байна.
Сонгуулийн үр дүн Австрийн эрх чөлөөний намд томоохон цохилт болсон юм. Өмнө нь Курцын намтай эвсэж байсан тус намын тэргүүн Норберт Хофер сонгуулиас өмнө Курцтэй хамтран Засгийн газраа байгуулна гэсэн бол одоо сонгуулийн үр дүнгээр сөрөг хүчин болохоор шийдвэрлэснээ зарлажээ.
Төлөвлөгөө ёсоор мягмар гарагт Австрийн анхны эмэгтэй канцлер Бриггите Бирляйн тэргүүтэй шилжилтийн Засгийн газар Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд огцрох хүсэлтээ гаргах ёстой. Төрийн тэргүүн ч Засгийн газрыг шинэ танхим бүрдтэл түр үүрэг гүйцэтгэхийг даалгаж, Курцэд шинэ Засгийн газар бүрдүүлэх хэлэлцээ явуулах мандат олгоно.
Консерватив үзэлт Австрийн ардын нам ялалт байгуулжээ | ||
Үзсэн: 452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.