Шууд Chart

Багдад хотод онц байдал тогтоожээ

2019-10-03 16:00:54

Иракийн нийслэл Багдад хотод онц байдлын дэглэм тогтоосон байна. Иракийн Ерөнхий сайд Адель Абд аль-Махди нийслэл Багдад хотдоо пүрэв гарагийн өглөөний 5 цагаас онц байдлын дэглэм тогтоож байгаагаа зарлалаа. Онц байдлын дэглэм нь цуцалсан тухай мэдээлэл зарлах хүртэл үргэлжлэх юм байна. Үүний зэрэгцээ тэрбээр эсэргүүцэлтэй холбогдуулан Аюулгүйн зөвлөлөө яаралтай хуралдуулахаар боллоо.

Иракийн нийслэлд эсэргүүцэгчид олон улсын нисэх онгоцны буудал руу дайрах оролдлого хийж, аюулгүйн хүчнээс нулимс асгаруулагч хий ашиглан хөөсөн байна. Энд мягмар гарагаас эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ дэгдсэн бөгөөд хоёр хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ. Лхагва гарагт эсэргүүцэгчид зөвхөн Багдад хотыг төдийгүй бусад мужуудад ч эрчээ авч эхэлжээ. Жагсагчид аж амьдралаа сайжруулах, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн зах зээлд үүссэн асуудлуудаа шийдвэрлүүлэх, авлигатай тэмцэхийг шаардаж байна.

“Аль-Сумария” теле сувгийн мэдээлж байгаагаар Зи-Кар мужид л гэхэд эсэргүүцэгчдийг тараах оролдлогын үеэр таван хүн амиа алдсаны нэг нь аюулгүйн хүчний ажилтан байжээ. Мөн 50 хүн гэмтэж бэртсэн байна.

Багдадад аюулгүйн албаныхан Засгийн газрын байр, дипломат төлөөлөгчдийн газар байрладаг ногоон бүс рүү орох гурван гүүрийг хаасан боловч энэ хэсэг рүү хоёр пуужин харваж, хүчтэй дэлбэрэлт болсон байна.

Эсэргүүцэгчид одоогоор олон улсын нисэх онгоцны буудал ордог замыг хаагаад байна. Гэхдээ нислэгүүд саадгүй үргэлжилж байгаа гэж Иракийн засаг захиргаанаас мэдээлжээ.

Онц байдлын дэглэмийг Багдад хотоос гадна Васит, Зи-Кар мужуудад тогтоосон юм. Нажаф мужид л гэхэд жагсагчид орон нутгийн засаг захиргааны байраа шатаасан ч мужийн захирагч нь саатуулсан эсэргүүцэгчдийг суллах шийдвэр гаргажээ.

Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Иракт “Фэйсбүүк”, “ВатсАпп” болон олон нийтийн сүлжээг хаасан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Багдад хотод онц байдал тогтоожээ   
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй