
Индонезийн Засгийн газар Зүүн Калимантан мужид барих шинэ нийслэлийнхээ төслийн уралдааныг зарлалаа. Уралдаанд архитектур, хот төлөвлөлтөөр мэргэшсэн Индонезийн болон гадаадын хувь хүн, баг хамт олон оролцож болно. Уралдаанд оролцох мэдүүлгийг 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр 28-ныг хүртэл авах юм байна.
Төслийн уралдаанд хэд хэдэн шалгуур тавьжээ. Тухайлбал, “Смарт Сити” буюу “Ухаалаг хот”, “Фо́рест Сити” буюу “Ойн хот” гэсэн концепцийг заавал ашиглах ёстой. Шагналын сан нь 353 мянган ам.доллар, харин түрүүлбэл 140 мянган ам.доллар олгох юм байна.
Зүүн Калимантан мужид баригдах шинэ нийслэлийн барилгын ажил 180 мянга га газрыг хамарна. Индонезийн Олон нийтийн ажил, нийтийн орон сууцны барилгын сайд Басуки Хадимулжоногийн мэдэгдсэнээр шинэ хотод баригдах анхны барилгуудад Ерөнхийлөгчийн ордон болон парламентын цогцолбор байр орно гэжээ. Эдгээр барилгыг 2024 он гэхэд барьж дуусах юм байна.
Харин ирэх оны хоёрдугаар хагасаас ялагчийн төсөл дээр үндэслэн шинэ нийслэлийн дэд бүтэц, харилцаа холбооны барилгын ажил эхэлнэ гэдгийг энэ үеэрээ тэмдэглэсэн байна. Түүнчлэн шинэ нийслэлээ Индонезийн хамгийн ая тухтай хот болно гэж мэдэгджээ.
Индонез улс тусгаар тогтнолоо зарласны 74 жилийн ойгоор буюу өнгөрөгч наймдугаар сарын 16-нд тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо нийслэл Жакартагаа Зүүн Калимантан мужид шилжүүлэхээр болсноо зарласан билээ. Шинэ нийслэл рүү нүүх үндсэн ажлыг 2021 оноос эхлэхээр төлөвлөөд байна.
Индонез улс шинэ нийслэлийнхээ төслийн уралдааныг зарлалаа | ||
Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.