Шууд Chart

Зээлийн хоёр хэлэлцээрийг зөвшилцөн дэмжлээ

2019-10-09 06:51:53

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1,0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд буй аж.

Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1,235.989 сая ам.доллар байхаар тооцоо гарсан. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохирчээ. БНЭУ-ын  Экспорт-Импорт банкны зээлийн нөхцөл нь хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, хүү (жилийн хүү) 1.75 хувь, зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувь бөгөөд хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд нэг литр нефтийн бүтээгдэхүүний үнэ ямар байх, боловсруулах үйлдвэрт ашиглах түүхий нефтийн нөөц хангалттай эсэх, энэ салбарт ажиллах боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж буй талаар тодруулж байлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаярын хариулснаар, “Инженерс Индиа Лимитед” компанийн 2018 оны 12 дугаар сард боловсруулсан газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г үндэслэн үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг гэж тооцсон байна.

Түүхий эдийн баталгаат нөөц 332 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 42 сая тонн гэж тогтоогоод байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан бөгөөд тус компанид 40 орчим хүн ажиллаж байгаа гэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг Энэтхэгт сургахаар төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд сургах 30 хүний 20 нь дээрх компанийн инженерүүд, 10 нь ШУТИС, МУИС-ийн газрын тос боловсруулах чиглэлээр сургалт явуулдаг салбарын багш нар хэмээн мэдээлсэн.

Ингээд санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзлээ.

Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийн  хүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулаад, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байна хэмээн тодруулан мэдээлсэн.

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ.


Зээлийн хоёр хэлэлцээрийг зөвшилцөн дэмжлээ  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй